
Өнгөрсөн оны зургадугаар сард НМХГ-аас “Атар” талх нь Хүнсний тухай хууль, стандарт, заалтуудыг зөрчиж байгаа тул үйлдвэрлэгч нарт савлагаатай худалдаанд гаргах албан шаардлага тавьж, хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг өгсөн. Учир нь өнөөгийн нийгэм, цаг агаар хөрсний бохирдол, ачилт, тээвэрлэлт, худалдан авалт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр бүтээгдэхүүн бохирдож “Хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх” хэрэглэгчдийн хэрэглээ, сонголт, шаардлагад нийцэхгүй байгаа нь тодорхой байсан тул ийм шийдвэр гаргасан аж.
Уг шийдвэрийн дагуу “Атар” талхны үнэ 210 төгрөгөөр нэмэгдэж 840 төгрөг болжээ. Энэ талаар “Талх чихэр” ХК-ийн мэргэжилтнээс тодруулахад “Атар”, “Мишээл” талхны савлагаатай холбогдуулан үнэ нэмэгдсэн. Гэхдээ савлаагүй “Атар” талх хуучин үнээрээ иргэдэд бас очиж байгаа” гэлээ. Савлагаагүй “Атар” талх тээвэрлэлтийн явцад бохирдох магадлалтай гэсэн шаардлагын дагуу дээрх өөрчлөлтийг хийж байгаа аж. Харин энэхүү нэмэгдэл 210 төгрөгийн 94 нь уутанд, үлдсэн нь савлагааны тоног төхөөрөмж, тээвэрлэлтэд зарцуулагдаж байгаа юм байна. “Атар” талхны шинэ стандартын шаардлага хангасан, агаар нэвтэрдэг, гадны нөлөөллөөс хамгаалах чадвартай, шинэ технологийн бүтээл гэдгээрээ онцлог гэнэ. Тус компанийн энэхүү үнэ нь худалдааны төв, дэлгүүрт очих үнэ юм. Харин хэрэглэгчдэд 40-50 төгрөг нэмж борлуулж байна. Учир нь талх 630 төгрөгөөр үйлдвэрээс гардаг байхад хэрэглэгчид 670 төгрөгөөр худалдан авдаг байсан юм. Энэ удаад ч мөн адил иргэд худалдагчийн нэмсэн үнээр буюу 890-900 төгрөгөөр “Атар” талхыг худалдан авах болжээ.
Дашрамд дуулгахад, "Атар өргөө" ХК-ний хувьд талхны үнээ 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн гэнэ. Тус компанийн хувь өөрийн лого бүхий нимгэн гялгар уутанд талхаа савласан тул нэмэгдэл нь ч бага байгаа аж. Харин талх худалдаалж буй жижиг дэлгүүрүүд тус компанийн талхыг 700 төгрөгөөр иргэдэд худалдаалж байна. "Талх чихэр" талхыг зарахын тулд ашгаа нэмэхээр бараг 900 төгрөгөөр зарах болоод байгаа тул захиалгаа түр хойшлуулсан гэлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ