Б.Ганбат: Бид “Урьхан” зоогийн газраа дахин босгоно
Уржигдар буюу энэ сарын 10-ны орой Улаанбаатар-Дарханы замд орших “Урьхан” зоогийн газарт гал гарч шатсан юм. “Урьхан” зоогийн газар нь нутаг дэвсгэрийн хувьд Төв аймагт харьяалагддаг боловч аймгийн төвөөс 200 гаруй км зайд оршдог учир Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба хаагчид галын аюул гарсан газарт ажиллажээ.
Урьхан ХХК-ийн захиралд Б.Ганбаттай уулзаж ярилцлаа.
-Хойд чиглэлийн олон зорчигчдод үйлчилдэг, олны танил болсон “Урьхан” зоогийн газар шатсанд харамсаж байна. Гал гардаг орой яг юу болсон юм бэ?
-Гал гардаг орой би Улаанбаатар хотод байсан. Оройн 18 цагийн үед гал гарлаа гэсэн дуудлага ирээд тэр дороо наашаа хамаг хурдаараа ирсэн. Намайг ирэхэд зоогийн газар маань бүрэн шатаад дууссан байсан.
-Гал гарах болсон шалтгаан нь юу байсан юм бол?
-Уурын зуухнаасаа эхэлж гал алдсан юм билээ. “Урьхан”-ыг хариуцсан захирал бас хотод байсан. Ямар ч байсан уурын зуухны галч маань ажлын хариуцлага алдан гал тавьсан хэмээн сэжиглэгдэн Төв аймгийн цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа. Яг юунаас болсныг хэлэх боломжгүй. Өмнө нь уурын зуухны хөлдсөн усыг гэсгээхээр жижиг газ, хошуу ашигладаг байсан. Харин тухайн үед манай галч архи уусан байсан гэсэн. Тэгээд том баллонтой хийнд хошуу холбоод хөлдүү усыг гэсгээхгэж байгаад гал алдсанаас л ийм юм болсон бололтой.
-Тухайн үед үйлчлүүлэгч хэр байсан бэ?
-Ер нь манайх үйлчлүүлэгч битүү байдаг. Талбай дээр битүү машин. Хүмүүс тал талд орилолдоод л туслах гэж дор бүрнээ хичээсэн ч галыг зогсоож чадаагүй. Энд чинь хамгийн ойрхон гал унтраах анги нь Баруунхараад байдаг. Тэднийхэн нэг цаг 10 минутын дараа ирэхэд ер нь ойлгомжтой, бүх юм дууссан. Бид галынхныг хүлээж байхдаа ойр хавийн бүхий л нөөц бололцоогоо ашиглан 20 гаруй галын хор ашигласан. Салхи ихтэй, хойноосоо салхилж байсан тул гал маш хурдан тархсан. Гэхдээ бурхан харж үзээд гэнэт урдаасаа салхилж, дэлгүүр болон бусад газрууд шатсангүй үлдлээ.
-Хичнээн төгрөгийн хохирол учрав?
-Манайхан дотроосоо юу ч авч чадаагүй бүх юм шатсан. Урьдчилсан байдлаар 400 сая гаруй төгрөгийн хөрөнгө галд шатчихлаа. Үүнийг дахин сэргээхэд үүнээс их мөнгө шаардах нь мэдээж. Гэхдлээ бид ямар ч байсан дахин босгож, үйл ажиллагаагаа хэвийн болгоно.
-Танай дүү Ганжавхлан хүний наймааны эсрэг тэмцэж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж яваа. Түүний эхлүүлсэн ажилтай холбоотойгоор та бүхэнд ингэж халдсан байх магадлалтай гэж зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байна. Ер нь галыг санаатай тавьсан байж магадгүй гэх сэжиг байгаа юу?
-Энэ тухай сайтууд дээр гарсныг харсан. Ганжавхлантай холбоотой гэж шууд хэлж чадахгүй. Ямар ч байсан Ганжавхлангийнхаа хийж байгаа ажлыг би мэднэ. Гэхдээ арай ч шууд энд ирээд гал тавьчих зориг байхгүй болов уу гэж бодож байна. Манай “Урьхан” чинь буяны газар байхгүй юу. Холын замд алжааж ядарсан хүнийг хооллодог. Энэ бол буяны ажил. Ганжавхлан хүний наймааны эсрэг тэмцэж байна, хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж байна. Тэр ч бас маш том буян хийж байга. Тийм болохоор хэн нэгэн муу санаа агуулж, санаатайгаар гал тавьсан болов уу гэж шууд хэлж чадахгүй. Гэхдээ энэ бүх сэжгийг би үгүйсгэхгүй. Олон нийтийн анхаарал татсан хэцүү ажил хийж яваа хүнийг оролдох тохиолдол байдаг. Цагдаагийн байгууллага шалгаж байна, шалтгаан нь шалгалтаар л тодрох байх. Ямар ч байсан Төв аймгийн Цагдаагийн газраас сэжигтэнг хорьж шалгаж байгаа.
-Үндсэндээ 400 сая гаруй төгрөг галд шатчихлаа. Зөвхөн танайх ч гэлтгүй хөдөө орон нутагт гал гарлаа гэхэд өргөн уудам тал нутаг, засаг захиргаа, гал унтраах ангийн байрлалаас шалтгаалж цаг их алддаг бололтой. Ер нь энэ асуудлыг яаж шийдээсэй гэж бодож байна?
-Галынхан энд ирэх гэж цаг их алдсан. Манай харъяаллын Борнуур сум манайхаас долоон км зайтай. Гэтэл Борнуурт гал унтраах анги гэж байхгүй. Аймгийн төвөөс 200 гаруй км алс байрлаж байна. Тэгтэл Зүүнхараа, Баруунхараад галын дуудлага өгөхөд Сэлэнгэ аймаг руу мэдээлэл өгч, зөвшөөрөл авч байж энд ирсэн. Ингэж олон дамжлагатай байх нь цаг хугацаа их авсан. Ер нь Төв аймгийн хойд сумд болох Борнуур, Сүмбэр, Баянчандмань, Жаргалант зэрэг сумдын дунд нэг галын анги байгуулбал цаг хугацаа алдах асуудал багасна. Өмнө нь халуун усны газарт гал гараад гал сөнөөгчдийг хүлээсээр хүмүүс нь дотроо шатаж байсан тохиолдол ч гарч байсан. Бидний хувьд “Урьхан”-аа ямар ч байсан ирэх намар дахин сэргээнэ. Маш өндөр үнээр эмгэнэлт реклам хийлгэлээ л гэж бодож байна даа.
П.НарандэлгэрГэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ