Улаанбаатар хотод байршилтай “Петровис” компанийн ШТС-уудад 2012 оны 11 дүгээр сарын 05-наас эхлэн АИ-92, АИ-95 болон дизель түлш дууссан хэмээх яриа гарснаар шатахууны борлуулалт зогсч, гүйлгээгүй үлдсэн гэх АИ-80 бензинийг л түгээж эхлэв. Хэдхэн хоногийн өмнө “Петровис”-ын удирдлагууд ОХУ-ын “Роснефть” ханган нийлүүлэгч компани шатахуун түлшний үнийг нэмсэн тул бид ч мөн доод тал нь 200-230 төгрөгөөр литр тутмын үнийг нэмэхээс өөр аргагүй болсон гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл АИ-92 бензин түлш өнгөрсөн сар “Петровис” компанийн нэр дээр хилээр хангалттай хэмжээгээр орж ирсэн тухай мэдээлэл байна.
Харин тус компанийн удирдлагууд үнээ нэмсэний дараа нөөцөлсөн шатахуунаа зарах бодлого барьж байгаа гэх хардлагыг бий болгов. Учир нь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай шатахууны үнийг дээд тал нь литр тутамд 40-50 төгрөгөөр нэмэхэд хангалттай гэж мэдэгдсэн билээ. Гэтэл маргааш болох Үнэ тогтоох хорооны хурлаар дээрх асуудал шийдэгдэхээс өмнө буюу 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагаас нөгөө байхгүй гээд байсан бензинийг борлуулж эхлэх болсон нь гайхшрал төрүүлж байна.
Хамгийн инээдэмтэй нь тус компанийн удирдлагууд өнгөрсөн хавар солигдсон бөгөөд дөрөвдүгээр сард урамшуулалт худалдаа зарлаж мөн л АИ-92 бензинд литр тутамд 100 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн ч энэхүү хөнгөлөлт нь одоо болтол үргэлжилж байгаа аж. Гэтэл “Петровис”-ын удирдлагууд үнэ нэмнэ гэж ярихын оронд тэрхүү урамшууллаа зогсоож байна хэмээн нийтэд зарлаад АИ-92-ын үнийг 100 төгрөгөөр нэмчихсэн бол ямар нэгэн О.Магнай даргатай дайн зарлах шаардлага байсангүй. Харин өнөөдөр Газрын тосны хэрэг эрхлэх газар, ШӨХТГ-ын ажлын хэсэг гарч “НИК”, “Петровис” зэрэг компаниудын агуулах савд шалгалт хийх ажээ.
Хэрэв уг шалгалтаар бензин нөөцөлсөн нь илэрвэл өнгөрсөн жилийн орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах хуультай юм байна. Тиймээс “Петровис”-ынхан шоргоолж шиг бужигналдаж нөөцөлж байсан шатахуунаа гаргаж ирж зарахаас өөрцгүй болов. Харин дээрх компанийн үнэ нэмэх асуудлаас үүдэн нийгэмд бухимдал үүсч, бусад шатахуун борлуулдаг компаниудын ШТС дээр ганц өдөр бөөн дараалал үүсэв. ОХУ-д дизель болон шатахууны хомсдол тодорхой хэмжээнд бий болсон ч Монголын компаниудтай хийсэн гэрээ ёсоор нийлүүлэлтийн хэмжээнд нэг их өөрчлөлт гарахгүй ажээ. Учир ийм аваас нийт хөдөлмөрчид нэг их санаа зовниж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэнэ, нэмэгдэхгүй гэж өөр хоорондоо цэц булаалдаж учир шалтгаангүй барааныхаа үнийг нэмэхээ зогсоомоор юм. Эх сурвалж
www.wikimon.mn