Д.Ганхуяг: Манай дипломат ажилтнууд хэрэгт холбогдоогүй
Цаг үеийн асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас цөөн асуултад хариулт авлаа.
-Манай дипломат ажилтнууд дахиад л хэрэгт холбогдлоо гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Албан ёсны мэдээлэл танайд ирэв үү?
-Галт зэвсэгтэй холбоотой хэрэгт манай дипломат ажилтнууд холбогдоогүй гэсэн албан ёсны хариулт өгье. Голланд улсын иргэн монгол руу нэг чингэлэг ачуулахдаа хоёр автомашин тээвэрлэсэн гэж гаалийн мэдүүлэгтээ дурдсан юм билээ. Гэтэл Беларус улсын хил дээр гааль дээр мэдүүлээгүй майхан, аяны хөнжил, ил зуух зэргийг авч явсан юм гэсэн. Түүнээс биш монголчуудад огт холбогдолгүй хэрэг юм байна лээ.
-Дипломат ажилтан А.Батсайханы тамхи зөөвөрлөсөн гэх хэргийн шүүх хурал болсон уу?
-ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан А.Батсайханыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Польшийн хууль хяналтын байгууллагаас саатуулсан. Түүнийг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа хууль бусаар янжуур тамхи зөөвөрлөсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн. Түүний хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэсэн мэдээлэл байна. А.Батсайхан өнгөрөгч хоёрдугаар сард түр хугацаагаар монголд ирэхдээ манай ГХЯ-нд ирж уулзан “Би тамхи зөөвөрлөөгүй. Гэм буруугүй” гэсэн тайлбар өгсөн байна лээ. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Шүүхээр гэм буруутай эсэхийг нь хэлэлцэнэ.
-БНХАУ-д манай улсын гурван ч иргэн саяхан хар тамхины хэргээр шүүгдэж ял сонссон гэсэн. Шүүхийн шийдвэр нь ирсэн үү?
-Албан ёсны шүүхийн шийдвэр нь ирээгүй байна. Манай улсын иргэн болох 30-38 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй өнгөрөгч 2011 оны тавдугаар сарын 14-ний өдөр өмнөд хөршийн нэг хотоос мансууруулах төрлийн эм бэлдмэл зөөвөрлөж яваад тус улсын хууль сахиулах албанынханд баривчлагдсан. Саяхан шүүх хурал нь болсон ч шийдвэр нь манайд хараахан ирээгүй.
-Ер нь гадаадад хэдэн монгол хар тамхины хэрэгт холбогдон шалгуулж байна вэ?
-Гадаадын улс оронд нийтдээ 53 хүн хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна. Үүнээс хятадад хамгийн их буюу 32 нь шалгуулснаас 10 нь шүүхээр ял сонссон. Тэднээс гурван хүн цаазын ял авсан байгаа.
-Гадаадад сурч, ажиллаж буй монголчууд энэ жил анх удаагаа УИХ-ын сонгууль өгнө. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?
-Монгол Улс анх удаагаа гадаадад амьдарч буй иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулна. Гадаадад амьдарч буй сонгуульд оролцох иргэд тухайн орнынхоо Дипломат төлөөлөгчийн газарт энэ сарын 11-нээс бүртгүүлж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ. Тиймээс монголчууд зургаадугаар сарын 10-ны өдрийн орон нутгийн цагаар 07-20 цагт Дипломат төлөөлөгчийн газарт очиж саналаа өгөх боломжтой. Урьдчилсан байдлаар 35 мянган иргэн сонгууль өгөх байх гэсэн мэдээлэл байна.
-Ямар бичиг баримтыг үндэслэж сонгууль өгөх вэ. Тэдний саналын нууцлалын зэргийг хэрхэн хамгаалах юм бэ?
-Иргэд иргэний үнэмлэх, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хуудас, гадаад паспортоо үндэслэн сонгууль өгнө. Санал авах ажлыг зохион байгуулах комиссоос улс бүр рүү нэг хүнээ явуулна. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар үүрэг болгосны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны сайдын хамтарсан шийдвэрээр “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах тухай журам”–ыг батлан хэрэгжүүлж байна.
Бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Комиссыг ГХЯ-ны дэргэд, Салбар комиссуудыг нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт тус тус байгуулсан. Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа ДТГ-ууд нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ эдлэхэд нь иргэдэд таатай нөхцөл байдлыг бүрдүүлэхээр ажиллаж байна.Гадаадад байгаа иргэдийн саналын нууцлал, битүүмжлэлд тусгайлан анхаарсан бөгөөд иргэн саналын хуудсанд саналаа тэмдэглэсний дараа тусгай дугтуйд хийн битүүмжлэн саналын хайрцагт хийнэ. Гадаадад байгаа иргэдийн өгсөн саналыг Монгол Улсад санал авах өдөр буюу 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл битүүмжлэн хадгалах юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ