
“Эрдэнэс Тавантолгой”-н IPO гацах тусмаа энэ компанитай холбоотой мэдээлэл монголын иргэн бүрт хамаатай, ил тод байх ёстой юм. Хамаагүй байж болох байсан ч засаг дахь эрхмүүд хоёр сая хол давсан иргэдээ бүгдийг нь нэг ширхэг компанийн жижигхэн хувьцаа эзэмшигчид болгочихсон билээ. Тиймээс Компанийн тухай шинэ хуулийн дагуу 2.7 сая монголчууд бүгдээрээ
Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх-ийг эдлэх эрхтэй. Хамгийн наад захын эрх нь компанийн мэдээллийг авч байх эрхтэй. “Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх” эрхтэй. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-н тухайд түүхэнд байгаагүй олон хувьцаа эзэмшигчтэй компани учраас 2.7 сая хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ үнэндээ мэдэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр 2.7 сая иргэдийн зүгээс сая, сая төгрөгөө гаргаж, албан ёсоор хөрөнгө оруулан 1072 ширхэг хувьцааг нь эзэмшчихээгүй ч хуулийн дагуу бол хувьцаа эзэмшигчийн эрхээ эдлэх л ёстой.
Тэдгээр хувьцааг хишиг гэдэг утгаар бус төрийн нийтийн өмч гэдэг утгаар нь харж, иргэдэд хуваарилж байгаа гэж бүгд ойлгож байгаа. Компанийн тухай хуулиас харахад тухайн компанийн дүрмээр зохицуулагдах олон асуудал байгаа ч,
Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн эрх-ийн тухайд гол тулгуур хуулийнхаа дагуу зүйл, заалтуудыг нь мөрдөх ёстой юм билээ. Тэрчлэн
“Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гээд хуульчилчихсан тул ямар ч тохиолдолд 20 хувийг эзэмшигч 2.7 сая иргэдийн төлөөллийг хангасан эрхмүүд нь хараат бус гишүүд л байхаар харагдаж байгаа. Гэтэл өнөөдрийн тухайд энэ компанийн хараат бус гишүүд нь албан ёсоор бүрдчихээгүй байна. Тэрчлэн “Эрдэнэс Тавантолгой”–н IPO-г гацааж байгаа олон шалтгаануудын нэг болж байгааг ч албаны эрхэм хэлж байсан.
Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компани сонгуулиас өмнө, бүр энэ онд багтаж IPO гаргана гэж засаг дахь эрхмүүдээс нэг нь ч хэлж чадахгүй байгаа. Харин Хонконг болон Лондоны биржээс тавьж байгаа шаардлагыг монголын “Эрдэнэс Тавантолгой” биелүүлэхэд хүндрэлтэй асуудлууд байгааг бол хэлэх эрхэм эх сурвалжууд бий юм. Тэдгээр нь юу болохыг дуулгахаасаа өмнө IPO гаргана гэдэг нь энгийнээр хэлэхэд хувьцаагаар буюу хамгийн бага зардлаар хөрөнгө босгохыг хэлээд байгааг тодотгох байна. Харин Эрдэнэс Тавантолгой компани бага зардлаар 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгохын тулд засаглалын үзүүлэлтүүдээ сайжруулах ёстой. Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татах л гэж байгаа бол компанийн засаглалаа сайжруулахгүйгээр амжилтанд хүрч чадахгүй. Хамгийн наад зах нь компанийн ил тод нээлттэй байдал сайн байх ёстой гэсэн шалгуурын өмнө Эрдэнэс Тавантолгой нүүр бардам зогсож дийлэх бил үү гээд харахад одоогоор бүрхэг байна.
Одоогоор хэмээн тодотгохын учир нь Компанийн үйл ажиллагааг Гүйцэтгэх удирдлага дээр бус ТУЗ дээр төвлөрүүлэхийн тулд, төрөөс хамааралгүй, том хувьцаа эзэмшигчээс хамааралгүй, гүйцэтгэх удирдлагаас хамааралгүй ТУЗ-ийн хараат бус гишүүдийг ёсоор нь бүрдүүлэхийн тулд, компанийн үйл ажиллагаа, менежментийн талаар мэдлэгтэй хүмүүсийг томилохын тулд, бас компанийн бичиг баримтаа зөв болгож боловсруулахын тулд, ерөөс компанийн засаглалын үзүүлэлтүүдээ сайжруулахын тулд засгаас “Эрдэнэс Тавантолгой” компанидаа Дэлхийн банкны төслийг хэрэгжүүлж байгаа гэнэ. Тус компанийн хоёр орлогч захирлаар гадаад эрхмүүд томилогдоод байгаа нь ч энэ төслийн үр дүн бөгөөд бүр цаашид үзэх үр дүн нь хөрөнгө оруулагчийн итгэлийг татахад чиглэж байгаа гэнэ. Агуулга, хэлбэр аль аль талаасаа шаардлага хангахын тулд өөрчлөгдөх гэж байгаа Эрдэнэс Тавантолгой өнөөдрийг хүртэлх хугацаанд толгой компанийнхаа веб хуудсаар нөмөр хийж яваа, албан ёсны мэдээллүүдээ гаргадаг веб хуудас ч үгүй, ерөнхийдөө бол үйл ажиллагааны ил тод байдал гэдэг асуудал дээр тунчиг хаалттай гэдгийг монголын хэвлэлийнхэн андахгүй.
Тэрчлэн сонгуулиас өмнө амжиж хувьцаагаа гаргахаар төлөвлөсөн байлаа гэхэд
“Хувьцаа эзэмшигчид нь 6 сарын дотор ямар нэг хөдөлгөөн хийгээгүй байх ёстой” гэсэн хөрөнгийн биржийн шалгуурыг хангаж чадахгүй л юм. Учир нь УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт орсоноос хойш тус компанийн 30 хувьтай тэнцэх хувьцаанаас иргэд болоод аж ахуй нэгжид хэчнээн хувь хэмжээгээр очоод байгаа нь тодорхой бус байна. Түүнээс гадна 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 29 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаална гэж заасан байгаа. Иргэд, аж ахуй нэгжид нийт хувьцааны 30 хувийг өгөхөөр шийдвэрлэсэн төрийн нөхдүүд, дээрх тогтоолын заалтаа мөрдөөд 29 хувийг нь гадаад дотоодын биржүүдэд гаргана гэж тооцвол Төрийн мэдэлд 51 бус 41 хувь үлдэж таарах гээд байна. Тэгэхээр тогтоолдоо Эрдэнэс Тавантолгой нь төрийн өмчийн хувь хэмжээг багасгасан өөрчлөлт оруулах уу гэдэг асуулт гарч ирж байна.
Мөн Хонконгийн биржээс тавиад байгаа бас нэг шаардлагыг манай тал биелүүлж чадахгүй байгаа гэнэ. Тодруулбал, “ТУЗ-ийн гишүүдээс хоёроос доошгүй нь Хонконгийн харьяат байна” гэсэн шаардлагыг тэдний талаас тавьсан аж. Харин манай компани тэрийг нь дагаж чадахгүй учраас Хонконгд гарч чаддаггүй юм аа гэхэд Лондон руу аль боломжит хэлбэрээр гарах гарц үлдэж байгаа юм. Гэхдээ л Тавантолгой ордын нөөцийг бүрэн шинэчлэн тогтоож амжаагүй, зүүн цанхийн нөөцийг л JORC стандартаар тогтоосон байгаа тул бас л нэг шалгуурыг хангаж дийлэхгүй байгаа юм. Ямартай ч, Монгол дахь Эрдэнэс Тавантолгой Лондоны биржийн олон шалгуурыг хангаж дийлэхгүй байгаа учраас Лондонд төвтэй “Эрдэнэс Тавантолгой Пи Эль Си” гэдэг компанийг барьж болох юм гэсэн хувилбарыг Ажлын хэсгийн нөхдүүд гаргаад Засгийн газрын хуралдаанд оруулсан нь дэмжлэг авсан байгаа юм. Гэсэн ч бас яг байгуулчихъя гэхээр асуудлууд үүсээд байгаа гэнэ. Ер нь бол “Эрдэнэс Тавантолгойн хувьцааг FTSE индекст багтаахын тулд гэхээсээ илүүтэй биржийн шаардлагад нийцүүлэхийн тулд Лондонд төвтэй компани байгуулах тухай санал анх гарсаныг эх сурвалж хэлж байна.
Тэгэхээр энэ мэтчилэн асуудал олонтой Эрдэнэс Тавантолгой компанитай холбоотой мэдээлэл монголын иргэн бүрт хамаатай гэдгийг дахиад сануулах байна. Хэрэв тус компанийн хувьцаа биржээр арилжаалагдвал хувьцаа эзэмшигчдэд үр ашиг хүртэх боломжууд нээгдэнэ. Төр эхлээд анхдагч зах зээл дээр хувьцааг нь байршуулаад, өөрийнхөө хувьцааг худалдах бол иргэд хоёрдагч зах зээл эхлэхээр хувьцаагаа худалдах боломжтой болно. Хоёрдагч зах зээл дээр хувьцаагаа худалдсанаар анх авсан үнэ, худалдаж байгаа үнэ хоёрын хоорон дахь зөрүүгээс ашиг олох боломжтой юм. Харин нөгөө нэг ашиг нь ноогдол ашиг ч Эрдэнэс Тавантолгойн тухайд бол ноогдол ашиг хуваарилах тухай асуудал нилээд олон жилийн дараа яригдаж магадгүй юм. Гол нь тэр хүртэлх хугацаанд засгийн эрхэнд байгаа нөхдүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийг үр ашигтай ажиллуулах ёстой.
Монгол Улсад хохиролтой хэлэлцээрүүдийг үзэглэж хор хохирол учруулах ёсгүй. Уг нь тэгсэн тохиолдолд нэхэмжлэл гаргах эрх хувьцаа эзэмшигчдэд бий юм билээ. Тодруулбал,
Компанийн энгийн хувьцааны нэг буюу түүнээс дээш хувийг эзэмшигч нь компанид учруулсан хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэсэн заалт шинэ хуульд орсон байгаа юм. Гэвч энэ заалт нь Эрдэнэс Тавантолгойн жижиг хувьцаа эзэмшигчдэд хамаагүй болж таарч байна. Учир нь Эрдэнэс Тавантолгой компани нийт 15 сая ширхэг хувьцаа гаргаж байгаа. Тэгэхээр тус компанийн хувьцааны нэг хувийг эзэмшигч болохын тулд 150 мянган ширхэг хувьцааг эзэмшсэн байх ёстой болж байна. Харин 2.7 иргэдийн тухайд тус бүр 1072 ширхэгийг л эзэмших эрхтэй тул, Эрдэнэс Тавантолгойтой холбоотой но-той асуудлаар хэзээ ч нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн үг юм.
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ