Д.ТРАМП КИЕВИЙН ХАЛДЛАГЫГ БУРУУШААВ

ОХУ Украины нийслэл Киев, Харьков хотуудад томоохон цохилт өгсөнөөр 12 хүн амиа алдаж 90 гаруй хүн шархадсан. Киевийг онилсон энэ цохилт нь сүүлийн 9 сарын хугацаанд болсон хамгийн том халдлагуудын нэг бөгөөд ОХУ-ын талаас 70 пуужин, 145 нисгэгчгүй онгоцоор Киев рүү довтолсон байна. Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, ОХУ-ын цохилт Киевийн 13 байршилд тусаж энгийн иргэдийн орон сууц, хотын дэд бүтцүүдийг сүйдэлсэн гэжээ. Энэ халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн “Truth Social” цахим хуудаснаа “Владимир, ЗОГС! Долоо хоногт 5000 цэрэг үхэж байна. Энхийн хэлэлцээр хийцгээе” хэмээн нийтэлжээ.
В.Зеленский Крымийг ОХУ-ын газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэний дараа Д.Трамп “Оростой хэлэлцээ хийх нь Украинтай хэлэлцээ хийхээс хялбар гэж онцолсон байдаг. Мөн Дональд Трамп Крымыг ОХУ-ын газар нутаг хэмээн де-факто зөвшөөрөөд буй. Учир нь Орос-Украины дайныг дуусгаж энхийн хэлэлцээр байгууулах АНУ-ын саналд Крымийг ОХУ-ынх гэж хүлээн зөвшөөрөх болзол багтсан байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ