Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд нээлттэй танилцуулж хэлэлцүүлэх, санал авах арга хэмжээг өнөөдөр /2025.04.21/ зохион байгууллаа. 

Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нээж "Монгол Улсын Их Хурлаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хууль 1997 онд тус тус баталсан байдаг. Дээрх хуулиуд хэрэгжээд хэдийн 30 орчим жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд цаг үеийн шаардлагаар тусгай хамгаалалттай газар нутагт үүсч буй асуудлыг байгаль хамгааллын шаардлагад нийцүүлэн оновчтой зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент болон санхүүжилтийн тогтолцоог олон улсын тэргүүлэх жишигтэй уялдуулах, тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжөө, хаваржааны газар ашиглах, мөн хадлан, бэлчээр ашиглах, орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжсэн нарийвчилсан зохицуулалтуудыг бий болгох шаардлага үүссэн. 

Нөгөө талаар Монгол Улсын Их Хурлын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийг үе шаттай өргөжүүлж, 2025 оны байдлаар байдлаар нийт газар нутгийн 21 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар байгуулсан боловч 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг газар нутгийн 30 хувьд хүргэх олон улсын өмнө хүлээсэн үүргээ бодитой биелүүлэх асуудал томоохон сорилт болж байна. Нийгэм, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлтөөс үүдэн гарсан хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх, ойрын ирээдүйд тулгарч болох бэлчээрийн доройтол, цөлжилт, хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангахын тулд газрыг тусгай хамгаалалтад авах шалгуур үзүүлэлт, тусгай хамгаалалттай газарт мөрдөгдөх дэглэм, горим, хамгааллын менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг боловсронгуй болгох шаардлага үүсээд байна. 

Тусгай хамгаалалттай газар нутагт өвөлжөө, хаваржааны газар ашиглах, мөн хадлан, бэлчээр ашиглах, орон нутгийн иргэдийн ахуй амьдралыг дэмжсэн нарийвчилсан зохицуулалтуудыг бий болгох, дархан цаазат газраас бусад тусгай хамгаалалттай газар нутгийг хувийн хэвшлийн байгууллагад менежментийн гэрээгээр шилжүүлэн хамгаалалтыг гүйцэтгүүлэх байдлаар хамгааллын тогтолцоонд төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зохицуулалтыг нарийвчлах зэрэг зарчмын өөрчлөлтүүдийг хийх шаардлагын үндсэн дээр хуулийн төслийг боловсрууллаа" гэлээ.

Үүний дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт танилцууллаа. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар: 

-ТХГН-н менежментэд талуудын оролцоог нэмэгдүүлж, олон улсын жишгийг нэвтрүүлнэ

-Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг хөгжлийн томоохон хөтөлбөрүүд, орон нутгийн хөгжил, малчин өрхүүдийн хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн хөгжүүлэх боломжтой болно

-ТХГН-т аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ

-ТХГН-н санхүүжилтийг талуудын оролцоотойгоор олон эх үүсвэрээс бүрдүүлснээр улсын төсвийн ачааллыг бууруулна.

Үргэлжлүүлэн  Тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл байдал, сайжруулах боломжийн тойм судалгааг “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн нэгжийн зохицуулагч С.Амартүвшин танилцууллаа. Үндсэн танилцуулгуудын дараа хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг нээлттэй сонсох болон танхимд цахимаар авах боломжийг бүрдүүлж ажиллалаа.

Цаашид хуулийн төсөлд холбогдуулан ирүүлсэн нийт саналуудыг нэгтгэн судлах, тусгах эсэхийг шийдвэрлэх арга хэмжээг хуулийн төслийн ажлын хэсэг зохион байгуулж ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ