Ц.Туваан сайдаа Яагаад? Яагаад? Яагаад?

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас УИХ-д яаралтайгаар өргөн барьсан агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай ОХУ-ын Засгийн газартай байгуулах хэлэлцээр хоёр долоо хоног дамнан олны анхааралд өртөж буй. Хэлэлцээр биш илтэд Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчих шахаанд эс хүссэн ч улсаараа орох нь цаг хугацааны асуудал болж байх шиг байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа 20 жилийн хугацаатай уг хэлэлцээрийг байгуулахаас өөр сонголт үгүй гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. УИХ-дахь АН-ын бүлэг уг хэлэлцээрийг дэмжихгүй бөгөөд УУХҮ-ийн сайд Ц.Туваан дээр гал авчирч байгаад ч эгдүүцэл нь хүрч буй бололтой. Тэд МАН-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд харьяалах асуудлыг Ц.Туваанд хариуцуулсан нь АН-ыг муухай харагдуулах гэсэн Ардын намын бохир улстөр гэв.
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй...
Хэрвээ ингэж гомдоллох дээрээ тулбал МАН-ын Засагт шургалсан АН өөрсөддөө гомдох хэрэгтэй. Хүчтэйхэн сөрөг хүчин байхаас татгалзаж, төрийн ордонд уйлагнах сонголтыг тэд өөрсдөө хийсэн. Гал тэрэг хэдийнэ хөдөлсөн. Тиймээс манай намын гишүүнийг муухай харагдуулж байна гэж хурган улстөр хийх бус Монголын эрх ашигт хохиролтой байж мэдэх дээрх хэлэлцээрийг чөдөрлөх зүрх зоригтой алхам хийх учиртай юм. Түүнээс биш хэвлэлийн хурал хийж гомдол мэдүүлэх нь шалихгүй бас явуургүй улс төр гэдгийг ч АН-ынхан мэдэж байх ёстой. Тэгээд ч дээрх хэлэлцээрийг эцэслэх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-ын Ялалтын баяраар В.Путинд барих бэлэг ч байж мэднэ.
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь өнгөц харвал эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэж ойлгогдож болох ч олон улсын улс төр, геополитикийн нарийн ээдрээтэй нөхцөл байдалд уг хэлэлцээр хэрэгжих нь Монгол Улсын төвийг сахисан бодлогод харшлах, олон улсын хориг арга хэмжээг зөрчих эрсдэл дагуулж буй.
Оросын эсрэг хоригууд ба түлш нийлүүлэлтийн үр дагавар
2022 онд ОХУ Украин руу дайралт хийснээс хойш Европын Холбоо, АНУ болон тэдгээрийн холбоотнууд Оросын эдийн засагт хүнд цохилт үзүүлэх зорилгоор шат дараалсан хориг арга хэмжээ авсан. Эдгээр хоригийн хүрээнд: • Оросын агаарын тээврийн салбарын түлш, тоног төхөөрөмж, дагалдах сэлбэг хэрэгслийн худалдаанд хориг тавигдсан. • Оросын агаарын тээврийн компаниудын онгоц Европ, АНУ-ын агаарын орон зайд нэвтрэхийг хориглосон. • ОХУ-ын зэвсгийн хүчинтэй холбоотой хангамжийг гуравдагч улсуудаар дамжуулан авахыг мөн хязгаарласан. Хэрэв Монгол Улс Оросын талд агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ байгуулбал дээрх хоригийг тойрон гарах замыг нь нээж өгч байгаа хэрэг болж, Монгол Улсыг хориг арга хэмжээг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэл бий болно. Ингэснээр Монгол Улс олон улсын тавцанд нэр хүндээ алдаж, гуравдагч хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүдтэй харилцах харилцаандаа ноцтой эрсдэл үүсгэж мэднэ.
Монгол Улсын төвийг сахисан гадаад бодлого зөрчигдөх үү?
Монгол Улс 1993 оноос хойш “гуравдагч хөршийн бодлого”-ыг хэрэгжүүлж, аливаа их гүрний геополитикийн сөргөлдөөнөөс ангид, төвийг сахисан байр суурийг тууштай баримталж ирсэн. Үндсэн хууль болон Гадаад бодлогын үзэл баримтлалдаа тусгасан “эдийн засгийн аюулгүй байдал”, “тэнцвэртэй гадаад харилцаа”-ны зарчмуудыг энэхүү түлшний гэрээ ноцтойгоор зөрчиж болзошгүй. Хэрвээ Оросын цэргийн зориулалттай агаарын хөлгүүдэд түлш нийлүүлэх бол Монгол Улс шууд бус байдлаар дайнд оролцож байна гэж үзэх аюултай. Энэ нь НҮБ болон бусад олон улсын байгууллагын өмнө Монгол Улсын хүлээсэн үүргүүдийг зөрчих эрсдэл дагуулж мэднэ.
Аюулгүй байдлын эрсдэл ба Цэргийн зорилгоор ашиглагдах магадлал
Монголын нутгаар дамжин өнгөрч буй болон газрын тос боловсруулалтын үйлдвэрт агуулагдах түлш нь цэрэг, стратегийн зориулалтаар ашиглагдах эсэх асуудал тодорхой бус байна. Хэрвээ Монгол Улсын боловсруулсан түлшийг цэрэг дайны зориулалттай нисэх онгоцуудад ашиглаж байгаа нь тогтоогдвол, Монгол Улс олон улсын дайны хэрэгт оролцогч гэж үзэгдэх аюултай. НҮБ-ын гишүүн орны хувьд бид энхийн бодлого баримтлах, дайныг эсэргүүцэх үүрэгтэй. Стратегийн түлш нийлүүлэх нь дайн дажинг дэмжиж буй хэрэгт тооцогдоно.
Эдийн засгийн ашиг бий юу?
ОХУ-тай түлш нийлүүлэх гэрээ байгуулснаар Монгол Улсад орж ирэх валют, ажлын байр зэрэг богино хугацааны эдийн засгийн өгөөжтэй гэж төсөөлье. Гэвч Дунд болон урт хугацаанд Монголын эдийн засаг олон улсын зах зээлээс тусгаарлагдаж, хөрөнгө оруулалт буурах магадлал өндөр. Ёс зүйн хувьд Монголын ардчилал, энх тайвны үнэт зүйлийг үгүйсгэх алхам болно. Монгол Улс ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээ байгуулах нь эдийн засгийн хувьд богино хугацааны ашиг өгч болох ч, геополитикийн ноцтой эрсдэл дагуулна. Төвийг сахисан гадаад бодлого, олон улсын хориг арга хэмжээ, ёс зүй, улс орны нэр хүнд энэ бүхнийг тооцвол уг хэлэлцээрт орох нь туйлын болгоомжлолтой асуудал юм. Монгол Улс энхийн бодлого, олон улсын хууль, зарчмуудыг тэргүүнд тавьж, том гүрнүүдийн геополитикийн тоглолтод татагдахгүй байх нь үндэсний язгуур ашиг сонирхолд нийцнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ