ТӨРИЙН ДЕПАРТМЕНТИЙН БҮТЦЭД ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭНЭ

ТӨРИЙН ДЕПАРТМЕНТИЙН БҮТЦЭД ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭНЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Төрийн департаментын бүтцийг цогц шинэчлэлд хамруулах тухай зарлигийн төслийг боловсруулж байна.

Энэ тухай "The New York Times" сонин онцолсон бөгөөд төслийн зорилго нь үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхийн зэрэгцээ үр ашиггүй зардал, санхүүгийн зөрчил, эрх мэдлийн зүй бусаар ашиглалтыг таслан зогсоох юм.

Шинэчилсэн бүтцийн хүрээнд бүс нутгууд дахь одоогийн товчоодыг татан буулгаж, дээрх байгууллагуудын оронд Евроазийн, Ойрх Дорнодын, Латин Америкийн болон Энэтхэг–Номхон далайн чиглэлээр ажиллах дөрвөн “корпус” байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Мөн ардчилал, хүний эрх, дүрвэгсэд, цагаачлалын асуудал хариуцсан нэгжүүд болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах чиг үүрэгтэй товчоог хаах санал тусгаад буй. Хамгийн том өөрчлөлтийн нэг нь Африкийн асуудал эрхэлсэн товчоог татан буулгаж, түүний оронд терроризмтой тэмцэх, байгалийн стратегийн нөөцийн олборлолт, худалдааны асуудлыг хариуцах цомхон бүтэцтэй шинэ нэгж байгуулахаар тусгасан байна

Түүнчлэн Сахарын цөлөөс урагш орших бүс нутгийн “хоёрдогч ач холбогдолтой” гэж ангилсан зарим элчин сайдын яам, консулын газрыг 10 дугаар сарын 1-нээс өмнө хаахаар төлөвлөсөн бөгөөд дипломат албан хаагчдыг “тусгай даалгавар гүйцэтгүүлэх” зорилгоор бүс нутаг руу илгээнэ хэмээн баримт бичигт дурдсан юм. Тэгвэл уг мэдээлэлд хариу өгсөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио The New York Times-ийн нийтлэлийг “худал мэдээлэл” хэмээн өөрийн албан ёсны нийгмийн сүлжээнд бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ