Хиймэл оюун ухаан, дижитал шийдэл, програм хангамжийн үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч Infosys Finacle компаниас жил бүр зохион байгуулдаг “Infosys Finacle Innovation Awards-2024” арга хэмжээнд Голомт банкны SocialPay болон SocialPay Junior аппликэйшнүүдийг олон улсын 100 гаруй байгууллагуудаас онцолж, “Maximizing Customer Engagement” төрөлд шилдгээр шалгарууллаа.
Энэ жилийн хувьд харилцагчид болон оролцогч талууддаа онцгой үнэ цэнийг бүтээж, банкны салбарын инновац хөгжүүлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан дэлхийн шилдэг банк, санхүүгийн байгууллагуудыг тодруулсан байна. Иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт нийцээд буй SocialPay аппликэйшн нь төлбөр тооцооны цогц үйлчилгээ, шинэлэг, шуурхай, хүртээмжтэй, технологийн дэвшилтэт шийдлүүдээрээ ийнхүү шилдгээр шалгарчээ.
М.Сайнбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал “Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын банкны салбарт шинэлэг концепц бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг анхлан нэвтрүүлсээр ирсэн. Энэ удаагийн SocialPay 3.0 загвар нь UX болон хиймэл оюун ухаанд суурилсан бүтээлч функцтэй болсон төдийгүй банк санхүү, финтекийн салбар дахь хамгийн ухаалаг, хэрэглэгчдэд ээлтэй бүтээгдэхүүн болсныг онцолмоор байна. Бид цаашид ч Infosys Finacle компанитай нягт хамтран ажиллаж, төлөвлөөд буй олон шинэлэг ажлуудаа хийж хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэл дүүрэн байна”.
Голомт банк 2017 онд Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшнийг зах зээлд танилцуулж байсан бол 2023 онд илүү хурдан, илүү тухтай, илүү дэвшилтэт шийдлүүдийг багтаасан SocialPay 3.0 шинэчлэгдсэн хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Түүнчлэн 2024 оны гуравдугаар сард 7-18 насны хүүхэд багачуудад зориулсан SocialPay Junior аппликэйшнийг албан ёсоор танилцуулаад байна. SocialPay Junior аппликэйшн нь ирээдүйн ухаалаг иргэдийг бэлдэж, хүүхдүүдэд багаас нь санхүүгийн боловсрол олгох, орлого зарлагаа хянах, санхүүгээ бие даан удирдахад нь туслах юм. Энэ мэтчилэн Голомт банк харилцагч төвтэй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх зорилтынхоо хүрээнд дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилласаар байна.
Дэлхийн жишиг Монголын банк