УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ш.Адьшаа нарын санаачилсан Улсын баяр наадмаар жороо морины уралдаан зохион байгуулж, түрүүлсэн морины эздэд цол олгох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 07 дугаар сарын 13-ны өдөр эрлийз морины уралдаан зохион байгуулдаг. Тэгэхээр эрлийз морь уралдуулсан хүнд цол чимэг өгөх хуулийн төсөл орж ирэх вий. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн асууж, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 2013 оноос хэсэг хүмүүсийн санаачилгаар Монголын үндэсний баяр наадамд эрлийз морины уралдааныг оруулж ирсэн. Эрлийз морь уралдуулж, улсын цол чимэг олгож байсан. Энэ асуудал хэвээрээ байгаа. Нэмж цол чимэг олгох асуудал яригдахгүй. Энэ хууль зөвхөн жороо морины тухайд үйлчилнэ гэсэн хариултыг өглөө.
Санал хураалтыг гишүүдийн ирц бүрдсэний дараа явуулахаар тогтов. Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх байсан ч Засгийн газрын ажлын хэсэг байгаагүйгээс уг асуудлыг хойшлууллаа.