“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр, Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийсэн далангийн мөргөцгөөс ус шүүрч, дөрвөн айлын гэр, хашаа усанд автжээ. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан байна.
Энэ тухай дуудлага 2024.05.23-ны өдрийн 20:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 56,58 дугаар анги, Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажиллаж, усны урсацын голдирлыг өөрчлөн, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулган автозамын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангасан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч байна.