Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Монтойбүрд ХХК-ийн Хөх дэгд хотхоны захиалагч иргэдийн төлөөлөл өнөөдөр /2024.05.13/ мэдээлэл хийлээ.
Монтойбүрд ХХК нь иргэдээс 2022 онд захиалга авч, барилгаа 2023 оны IV улиралд ашиглалтад оруулахаар болжээ. Гэвч барилгын ажил өнөөдөр дөнгөж суурийн шатандаа явж байгааг иргэдийн төлөөлөл хэлж байна.
“Найман сарын турш хуулийн байгууллагаар явсан иргэд одоо өлсгөлөн зарлаад 14 хонож байна. Байр захиалж эдийн засгаараа хохирсон иргэд өнөөдөр эрүүл мэндээрээ хохирч байна. Барилга хот байгуулалтын яам барилгын компанид зөвшөөрөл өгөхдөө яагаад судалдаггүй юм бэ? хэмээн захиалагч иргэдийн төлөөлөл хариуцлага асууж байна.
Тэд барилгын зөвшөөрөл өгдөг Барилга хот байгуулалтын яаманд маш их гомдолтой байгаагаа илэрхийлж, тус яамыг, сайд Ц.Даваасүрэнг ажлаа хийхийг шаардаж байна. Барилгын тусгай зөвшөөрлүүдэд анхаарал хандуулж, чанаргүй төслүүдийг хянаж, цэгцлэхийг шаардав.
Захиалагч иргэд дуу хоолойгоо нэгтгэж, хандах ёстой бүхий л газарт хандсан ч хэн ч сонсоогүйн дээр өлсгөлөн зарлаад ч нэмэр болоогүй аж. Тиймээс тэд Сүхбаатарын талбайд суулт хийхээр болсноор өнөөдөр мэдэгдлээ.
Хөх дэгд хотхон нь 500 байрны захиалгаар 2-3 тэрбум төгрөгийн залилан хийгээд байгааг иргэдийн төлөөлөл хэлж байна.
Уншиж байна |