УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцжээ.
Уг тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын нийт гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэнтэй холбогдуулан, энэ оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, боломжоор хангах зайлшгүй шаардлагыг харгалзан боловсруулжээ.
Тодруулбал, тогтоолын төсөлд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг Тагнуулын ерөнхий газрын одоогийн байрлаж буй байранд шилжүүлэн байршуулах, харин Тагнуулын ерөнхий газрыг Хөшигийн хөндийн “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтын хүрээнд шинээр төлөвлөгдөж байгаа Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборт байршуулахаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар заажээ. Мөн Засгийн газрын байгууллагуудын нэгдсэн байрны цогцолборын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг холбогдох дэд бүтэц, Их тэнгэрийн болон Номтын амны ерөнхий төлөвлөлттэй нягт уялдуулан, цогц төсөл байхаар төлөвлөж, барилга угсралтын ажлыг хууль тогтоомжийн дагуу Тагнуулын ерөнхий газарт хариуцуулан хэрэгжүүлэх, цогц төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай Засгийн газрын баталгаа, төрөөс үзүүлэх бодлогын бусад дэмжлэг, туслалцааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад тухай бүр тавьж шийдвэрлүүлж байхыг даалгасан байна.
Тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр батлагджээ.
Уншиж байна |