Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан МСНЭ-ээс "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Тус цуглаанд сэтгүүлч оролцож буй бөгөөд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ салбараар овоглодог хүн бүхэн өнөөдөр эрх ашгийнхаа төлөө тэмцэх тэмцлийн өдөр.
Хууль эрхзүйн орчин манай салбарын хамгийн тулгамдсан асуудал болоод байна. 13-14 хуулинд сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэхэд саад болж, боомилсон зүйл заалт байна. Тэр дундаа Эрүүгийн хуулийн 13,14 дүгээр зүйл заалтаар маш олон сэтгүүлч эрүүгийн хэрэгт татагдаж, шүүхийн шатанд очих хэмжээнд хүрээд байна.
Өнөөдөр бидэнд хамгаалалт алга. Одоо мөрдөгдөж байгаа ямар ч хуулинд сэтгүүлч гэж хэн болох, хэвлэл мэдээллийн байгууллага ямар байх талаар ямар ч зүйл заалт байхгүй.
Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах ёстой гэж ярьдаг ч яг бодит байдал дээр баталгаа алга. Хууль, цагдаад дуудагдаж, иргэний хувиар шалгагдан, шоронд суух хэмжээнд хүрчихээд байна. Тиймээс эрхзүйн орчныг сайжруулахын төлөө энд зогсож байна.
Монголд хэвлэлийн эрх чөлөө боогдож байгааг дэлхий нийтэд зарлаж байна. Бид Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандаж, зөвлөмж хүссэн. Бидэнд ирсэн хариуд “Монголын сэтгүүлчдэд хөндлөнгийн оролцоогүйгээр ажлаа хийх боломжийг олгож, хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг ханган ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт Олон улсын сэтгүүлчдийн холбооноос удаа дараа шаардлага, хүсэлт илгээж байсныг дахин сануулъя” гэсэн. Бидний дуу хоолой дэлхий нийтэд гарлаа, биднийг сонслоо" хэмээн хууль эрхзүйн орчныг өөрчлөх зайлшгүй шаардлага байгааг дахин хэллээ.
Уншиж байна |