БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аялал жуулчлалын тухай 2023 онд шинэчлэн батлагдсан. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зохион байгуулалтын журам сая батлагдсан. Хил дамнасан зохион байгуулалттай аялал жуулчлалыг энэ тавдугаар сараас эхлүүлэх гэж байна. Аялал жуулчлалын бүс нутагтай байна гэсний дагуу Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласан.
Тодруулбал, Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дах хэсэгт Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгосон аялал жуулчлалын бүстэй байна гэж заасны дагуу Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хялганат хээр, Дарьгангын тэгш өндөрлөгийн хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх Дорнод Монголын аялал жуулчлалын кластер бүсчлэл бий болгох үүднээс зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлал бүс” болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолыг 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хэлэлцэн батлуулсан.
Өвлийн аялал жуулчлалын тухайд гэвэл анх удаа Засгийн газрын 2023 оны 458 дугаар тогтоолоор өвлийн аялал жуулчлалын хөгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Соёлын сайд нарт үүрэг болгосны дагуу өвлийн аялал жуулчлалын хөгжүүлэх хүрээнд 4 дүгээр сарын байдлаар аялал жуулчлалын календарт туссаны дагуу 42 эвент арга хэмжээ улсын хэмжээнд хийгээд байна. Дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Монгол Улсад нийт 120 мянга 250 жуулчин иржээ.
Үүнээс зарим эвент арга хэмжээг дурдвал, “МАЗААЛАЙ” олон улсын мөсний баяр, “Хөх баавгай - Хөх Сувд” мөсний баяр, Мөнгөлөг шагшуурга, Түмэн тэмээний баяр, Ara-winter фестиваль, Мөсний Загасчлалын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Бүргэдийн баяр гэх мэт 42 арга хэмжээнд гадаад дотоодын 200 мянган орчин жуулчид үзэж сонирхсон.
Гадаад сурталчилгаа:
Өвлийн аялал жуулчлалыг сурталчилах зорилгоор Солонгос, Япон, Хятад зэрэг орны нийтдээ 20 сая гаруй дагагчтай контент бүтээгч, нөлөөлөгчдийг урьж Монгол орны өвлийн улиралтай танилцуулан, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дэлхийд сурталчлах зорилгоор цахим орчинд 9 контент, 5 блог, 100 гаруй богино бичлэг зурагнуудыг оруулж, 1,1 сая гаруй идэвхитэй хандалт авсан байна.
Go Mongolia Монгол улсыг гадаад сурталчилах өдөрлөгийг Тайландын Вант улсын Бангкок хот, БНСУ-ын Сөүл хотод, Вьетнам улсын Хо Ши Минь хотод, БНХАУ-ын Гуанжоу, Хонконг, Бээжин хотуудадамжилттай зохион байгуулж, аж ахуй нэгж, байгууллагууд оролцож В2В уулзалтыг хийж зохион байгуулж, аяллын шинэ хөтөлбөр гаргаж хамтран ажиллах олон ажил дээр тохиролцсон.
Анх удаагаа аялал жуулчлалын салбарынхан олон хоногийн турш “Tourism week-2024” буюу “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээг амжилттай зохион байгуулж олон хоногийн турш чууллаа. Тус арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарт хийх хөрөнгө оруулалтын боломжууд, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал сэдвээр илтгэл, нэгдсэн хэлэлцүүлэг явагдсан.
Мөн өнгөрсөн 7 хоногт аялал жуулчлалын хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдааныг зохион байгуулж, хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, аялал жуулчлалын бүс олон улсын чанартай авто зам дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барихаар төлөвлөж буй ариун цэврийн байгууламж, түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын асуудлыг төрөөс дэмжиж, хамтын түншлэлээр шийдвэрлэх, аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх зорилготой 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон.
Шинээр батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлд хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах талаар тусгасан. Үүнтэй холбоотойгоор Хил орчмын жуулчдын тоог 30 хувь нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Хил орчмын аялал жуулчлал”- журам боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан" гэлээ.
Уншиж байна |