БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ жилийн хаврын мод тарих өдөр 5 дугаар сарын 11-ны өдөр эхлүүлнэ. Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учраас мод тарих өдрийн арга хэмжээг 5 сарыг дуустал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/238 тоот тушаалаар баталсан. Энэхүү төлөвлөгөөний дагуу модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд 3 байршилд, орон нутагт 21 аймаг, сумдад тус тус зохион байгуулж, мод тарих аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг стандартын тарьц, суулгацаар хангаж, технологийн заавар, зөвлөмж өгөх, тарьц, суулгацын гарал үүсэлд хяналт тавьж ажиллана. Улаанбаатар хотын хувьд "Тэнгэ"р плаза, "Модлог" ургамлын цуглуулгын цэцэрлэг, "Ялалтын талбай" гэсэн 3 байршилд тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд нийслэлийн хэмжээнд төвлөрсөн 8 байршилд мод тарих үйл ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 11-18-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг 310 орчим байгууллагуудын ажилтан албан хаагчид хамрагдана. Төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй бол тухайн баг, хорооны бүх өрх, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эмнэлгийн орчинд мод тарих ажлыг зохион байгуулна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог хангаж, мод тарих талбай, тарьц суулгацыг бэлтгэх, тарьсан модыг жилийн турш услах, арчлах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар албан даалгавар гарсан байна. Энэхүү албан даалгаварт “Жижиг гол, горхины эх, татмыг ойжуулах” талаар аймаг, нийслэлийн байгаль орчны газар, сумын болон сум дундын ойн анги, сав газрын захиргаад үүрэг өгсөн. Аймаг тус бүр татмын ойжуулалт хийх 10 хүртэлх гол, горхийг сонгон нэг гол дээр 10 га хүртэм ойжуулалтыг хийх ажлыг хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Ойжуулалт хөтөлбөр:
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувьд хүргэж, мод тарьж ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд, аж ахуйн нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтын дагуу Ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд 2024 онд доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
Зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг ойн нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах ажлыг 2.4 мян.га талбайд явуулж 4 сая мод тарина.
Цөлжилтийг сааруулах хамгаалалтын ойн зурвас, агро ойн аж ахуйг 4 байршилд 130 га талбайд байгуулна.
Мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
Хөвсгөл, Завхан, Дорнод аймгуудын ойн санг бүртгэх, ой зохион байгуулалтын ажлыг 5 сая га талбайд зохион байгуулна.
Ойн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг 1.3 мян.га талбайд зохион байгуулна.
Ойн санг хамгаалах, ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг 330 мян.га талбайд зохион байгуулан 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс хамгаална.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд 400 км түймрийн зурвасыг шинээр байгуулах, 235 км зурвасыг арчлах ажлыг зохион байгуулна.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд төвлөрсөн байршилд 2021 оны намрын улирлаас эхлэн таригдсан моддын өвөлжилтийн дараах тооллого, амьдралын хувийг тогтоох, нөхөн тарилтыг зохион байгуулах, тарьсан моддын усалгаа, арчилгааг тарьсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан гүйцэтгэх ажлыг 2024 онд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн 60 гаруй сая мод суулгах нөөцтэй болсон. Тарьж ургуулсан модондоо арчилгаа хийх, шинээр мод тарих ажлыг улсын хэмжээнд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулна" гэлээ.
Уншиж байна |