Иргэний нийгмийн байгууллагуудаас өмгөөлөгч талийгаач Г.Батбаярын талаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс өнгөрсөн баасан гарагт "Цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэх мэдээллийг өгсөн юм.
С.Чимгээ "Талийгаач нас барахаас өмнө асар их дарамтанд байсан. Бидэнд үүнийгээ хэлж байсан. Энэ бол 100 хувь улс төрийн аллага. Энэ хэрэг будилна гэж айж байна. Гэр бүлийг нь оролцуулахгүйгээр талийгаачид задлан шинжилгээ хийсэн. Тиймээс гадны нөлөөтэй гэж сэжиглэж байна. Зүгээр нэг хүн нас барсан биш, том гарз тохиолоо. Өнгөрсөн хугацаанд их олон хэрэг дээр хамтарч ажиллаж байлаа. Улс эх орны төлөө цохилох зүрхтэй байсан.Гар хөлөө их хөдөлгөсөн. Ураны асуудалд өмгөөлөгчөөр ажиллаж байлаа. Улс орноо хамгаалж ирсэн хүн юм шүү. Хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгөхийг иргэд шаардаж байна. Энэ хэрэг будилна гэж айж байна. Ямар ч эрүүл ухаантай хүн гадны нөлөөтэй нас барсан гэж харахаар байна. Ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой шүү. Улсаараа энэ гэр бүлээс албан ёсоор уучлал гуйх ёстой шүү. Эцэст нь хэлэхэд Монголчууд бид өөрсдөө учраа олохгүй бол томчууд болон гадны их гүрнүүдийн хоол болно шүү. Тиймээс улс эх орныхоо төлөө эвлэлдэн нэгдэх хэрэгтэй байна" гэлээ.
Мөн иргэн "Иргэний нийгмийн байгууллагынхан ганц өмгөөлөгчөө алдлаа. Талийгаач маань Ноён уул, ураны асуудалд олон жил ямар ч үнэ хөлсгүйгээр оролцож явсан. Сүүлд иргэн Ган-Очирыг үнэ төлбөргүй өмгөөлж байсан. Амь насаа алдахад нь хүргэсэн хүмүүс бол Шадар сайд С.Амарсайхан нөлөөлсөн шүү. Миний чихэнд хоногштол хэлдэг байсан дарамт шахалт ирдэг байснаа, мөн мөрдөн байцаагч Батцэрэн гэж эрүүдэн шүүж байгаа талаар хэлж байсан. Тэр хүнийг цагдан хорьж шалгах хэрэгтэй. Хүний амь насаар тоглосон. Тиймээс хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгаж өгөөсөй. Талийгаачийн машинаас 2 хоногийн дараа гэрээслэл олсон гэдэг. Ар гэрийнхэнд нь хэлэлгүй задлан хийсэн нь ямар нэгэн нотлох баримт нуусан байхыг үгүйсгэхгүй шүү. Энэ хүн амиа хорлох хүн бишээ, гадны нөлөөтэй байгаа шүү. Амьдралд дэндүү хайртай хүн байсан гэв.
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Түвдэнбалжир “Энэ сарын 19-нд талийгаач Г.Батбаяр хоёр цаг гаруй хугацаанд бидэнтэй асуудлаа хуваалцсан. Түүний зарим хэсгийг та бүхэнд ил болгохыг хүсэж байна. Г.Батбаяр маань сүүлийн 7-8 жил “Хайрхан толгой” төслийн нэг талын өмгөөлөгчөөр ажилласан. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах тус компани нь С.Амарсайханы хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшдэг компани байсан. Сүүлд нь, хууль бусаар шилжүүлсэн байх магадлалтай. Тус компанийн хууль бус ажлуудыг ил болгож, шүүх хурлаар гэм буруутайг нь тогтоож, лиценцийг нь цуцлах мөчид хуулийн цоорхойг ашиглаж, 500 тэрбум төгрөгийг нэхсэн байсан. Мөн Дүнжингаравын уулзварт болсон ослын нөхцлийг бүрдүүлсэн хүн нь С.Амарсайхан гэдгийг талийгаач ярьж байсан. Үүнийг тогтоолгохын тулд олон нийтэд мэдээллэх нь зөв гэж ярьж байсан. Тухайн өдөр түүнд амиа хорлох сэдэл байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Харин амиа хорлох нөхцөл байдлыг хүчээр хүргэсэн байхыг үгүйсгэх аргагүй” гэв.