Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шалгалтаар илэрсэн зөрчил, эмийн сонсгол дээр яригдсан хамаарал бүхий этгээдүүдийн талаар МҮЭХ-ноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус холбооны тэргүүн Д.Эрдэнэбат "Эрүүл мэндийн салбартай холбоотой гурван зүйлийг онцолъё. Эхнийх нь эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл хүргэе. Тус үндэсний зөвлөлд миний бие болон Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Баясгалан нар багтдаг. Энэ зөвлөлд ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө.
Удахгүй эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг УИХ-д танилцуулна. Гэхдээ энэ тайланг зөвхөн их хуралд гэлтгүй олон нийтэд ил болгохоор төлөвлөсөн. Зарим хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй хийе гэдэг журмын санал өгсөн. Одоогоор хариу нь ирээгүй байна.
Олон нийтэд нээлттэй болгосноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргахад хэн ямар байр суурьтай байдаг вэ, ямар асуудал яригддаг, ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөгтэй холбоотой асуудал их бий.
Түүнчлэн ЭМДС-ийн тухай хуульд сүүлийн хоёр жилийн хугацаанд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах тал дээр дорвитой шийдвэр гарсан. Тухайлбал өмнө нь ЭМДС-гаас зарим мэс заслын төлбөрийн 25%-ыг нь гаргадаг байсан бол одоо 100% төлдөг болсон. Гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчтөнийг насанд хүрээгүй бол 50%, насанд хүрсэн иргэний 20%-ыг нь төрөөс гаргах асуудал яригдаж буй.
Зарим эмнэлэгт хэт их ачаалал үүсэж, нэг өвчтөнд зарцуулах үзлэгийн хугацаа хангалтгүй байгаа талаар баримт цуглуулсан. Гүйцэтгэлийн санхүүжилт нь зарим талаараа мөнгөний санхүүжилт болж хувирдаг. Тиймээс манай зөвлөл анх удаа бүх аймаг, сумын эмнэлгээр явж шалгалт хийсэн. Иргэдээс ч санал хүсэлт цуглуулж байна.
Нэг жишээ хэлэхэд, элэг шилжүүлэн суулгах мэс заслын үнэ 110 сая төгрөг байдаг. Өмнө нь 25%-ыг нь иргэн өөрөө төлдөг байсан бол одоо 100% үнэ төлбөргүй эмчлүүлэх боломж бүрдсэн. Харамсалтай нь энэ шийдвэр гараад хагас жилийн дотор зургаан хүнд элэг шилжүүлэн суулгасан гэсэн нэрийдлээр хуурамч түүх бичээд, давхардуулах замаар 800 гаруй сая төгрөгийг ЭМДС-гаас авсан байх юм.
Үүгээр ч зогсохгүй хамар тэгшлүүлэх болон зарим эмэгтэйчүүдийн гоо сайхны мэс заслыг жирийн мэс ажилбар хийсэн мэтээр ЭМДС-гаас мөнгө нэхэмжилсэн зөрчил илрүүлсэн.
Дараагийн онцлох зүйл нь эмийн сонсголтой холбоотой. Энэ бол маш зөв ажил болсон. Гэхдээ дутуу хийчихлээ гэж хардаж байна. Сонсголын үеэр маш олон шударгаар ажиллаж байгаа иргэдийг хохироосон, хуурамч мэдээлэл их явлаа. Огт хамааралгүй компанийг хамаатай мэтээр холбосон. Тиймээс сонсгол хийсэн хүмүүсийг дахин шалгах хэрэгтэй. Гэмгүй хүмүүсийг хамаатуулж, хооронд нь хольж байгаад жинхэнэ эзэд нь энэ хэргээс мултраад үлдчихсэн байх вий.
Нийт иргэддээ хандаж хэлэхэд ямар эм ууж байгаагаа өөрсдөө шалгаж үзээрэй. Яагаад гэвэл хоёр жилийн өмнө оруулж ирэхдээ лабораторид шалгуулдаг. Түүнээс хойш орж ирсэнд нь дээж авдаггүй. Тиймээс орж ирж буй эм болгоноос дээж авч байхыг шаардаж байгаа. Хэрвээ хуурамч эм оруулж ирээд иргэдийг хохироосон бол эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг" гэлээ.
Уншиж байна |