Өнгөрсөн нэгдүгээр сард БЗД-ийн нутаг дэвсгэр 26 дугаар хороонд Дүнжингаравын автозамын уулзвар дээр их хэмжээний газ ачсан том тэрэг жижиг тэрэгтэй мөргөлдсөний улмаас хий алдагдаж, том талбай хамарсан дэлбэрэлт болж гал түймэр гарсан билээ. Энэхүү ноцтой ослын улмаас олон хүн амиа насаа алдаж, 60 гаруй айл өрх орох оронгүй болж олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон. Байр нь бүхэлдээ шатсан айлууд өнөөдөр түрээсийн байраар амьдарч байна. Түрээсийн төлбөрийг нь төр дааж байгаа юм. Харин амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлсээр байгаа. Хэргийн мөрдөн байцаалт удааширалтай байгаа. Энэ осолд төр буруутай, буруутай этгээдүүдээр хохирол түргэн барагдуулахыг шаардсаар буй.
Тэгвэл өнөөдөр УОК-ын дарга Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр Дүнжингарав худалдааны төвийн урд газны осол гарсан өдрөөс хойш хохирлыг барагдуулах, орон сууцыг дахин төлөвлөх, шинээр барих хугацаанд осол гэмтэлд өртсөн айл өрхүүдийн түрээсийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, шинээр байр орон сууцанд орох, түүнээс үүдэн гарсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэн барагдуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн удирдлагуудад шилжүүлж байна. Энэ асуудал дээр Засгийн газраас 5 тэрбум төгрөг шийдвэрлэсэн.
Өнөөдрийн байдлаар 2.1 тэрбум төгрөг нь зарцуулагдсан. Үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн мэдэлд шилжүүлж байгаа. Үүнээс гадна гамшигт өртсөн, амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн засаг дарга, Барилга хот байгуулалтын сайдад даалгасан.
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бензин, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг эрсдэлгүй, аюулгүй болгох стандарт норм дүрмэнд нийцүүлэх, түүнтэй холбоотой өөрчлөлтүүдийг хийх ажлыг хоёрдугаар улиралд багтаан Барилга хот байгуулалтын яам, холбогдох мэргэжлийн яамдууд хамтран хийж, стандартаа шинэчилж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, даалгаврыг өглөө. Энэ хүрээнд эмх цэгцгүй байгаа асуудлууд шийдвэрлэгдэнэ гэж ойлгож болно" гэжээ.
Уншиж байна |