“Авлигатай тэмцэх газар /АТГ/ барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй юу?” сэдвээр “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бүрэн цутгамал" ХХК нь 2013 онд "Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг барьж гүйцэтгэсэн. Гэсэн ч "Сант" сургуулийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхдөө, тухайн барилгад ямар ч ажил хийгээгүй "Голомт констракшн" ХХК-тай хуурамч гэрээ байгуулсан. Барилгыг хүлээн авсан улсын комиссын үйл ажиллагаа Монгол Улсын хууль дүрэм журмыг зөрчсөнийг Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжлийн хяналтын байцаагч, Архивын хэрэг хөтлөлтийн улсын байцаагч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, шинжээч нар тогтоосон ч одоо болтол хэрэг шийдэгдэхгүй байгаа.
Мөн "Сант" сургуулийн өргөтгөлийн нийт ажлын 80 гаруй хувийг хийж гүйцэтгэсний дараа ажлын хөлс, материалын зардлын үлдэгдэл 500 сая төгрөгийг өгөхгүйн тулд барилгын талбайгаас хөөсөн. Түүгээр ч зогсохгүй эрүүгийн гурван зохиомол хэрэгт гүтгэсэн нь цагаатгагдсан. Гэтэл эрүүгийн хэрэгт чанар муутай барилга гэж гүтгэгдэж байсан "Сант" сургуулийн өргөтгөлийн барилгыг, тухайн цаг үедээ чанартай сайн барилга болгоод манай компанийн зөвшөөрлөөр манай бичиг баримтаар, тухайн барилгад ширхэг ч тоосго өрөөгүй "Голомт констракшн" ХХК-тай хуурамч гэрээ байгуулж улсын коммист хүлээлгэн өгсөн байдаг. Мөн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр ил болсон.
Энэ асуудлаар АТГ-т 2017 оны хоёрдугаар сарын 20-нд гомдол гаргасан ч харамсалтай нь өнгөрсөн долоон жилийн хугацаанд АТГ 14 удаа хэрэг бүртгэлтэй хэргийг хаах санал гаргаж, хяналтын прокурор нь долоон удаа хааж, Улсын ерөнхий прокурор 4 удаа сэргээж шалгагдаж байгаа хэрэг юм. Тиймээс АТГ, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисстой ашиг сонирхол нэгтэй гэсэн хардлага төрж байна. Ирэх долоо хоногийн Даваа гаригаас Лхагва гаригт АТГ-ын гадаа цуглаан хийж, саяны ярьсан зүйлсээ баримтын хамт ард иргэдэд мэдээлнэ. Авлигал ашиг сонирхлоор хандаж байгаа нь тодорхой харагдаж байна.
Нийслэлийн прокурорууд нь удаа дараа хаах саналыг явуулж байгаа нь шударга ёс мөн үү. АТГ Улсын комисс хоёр ашиг сонирхол нэгтэй юм байна гэж харж хардаж байна" гэлээ.