"Оном" сангийн тэргүүн Д.Наранбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Оном сангаас архаг С вирусийн эмчилгээнд хэрэглэдэг АНУ-аас үйлдвэрлэсэн эмийг устгалд оруулсан талаар мэдээлэл хийж байна. Уг эмийг архаг халдварын үед хавсарч хэрэглэдэг эм байсан. Манай улсад энэ оны нэгдүгээр сард Чингис хаан олон улсын гааль дээр буусан. Гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлүүлэх хүсэлтийг Сангийн яам, ЭМЯ болон холбогдох газруудад удаа дараа хүргүүлсэн. Ногдуулсан татвар гэвэл нэг тэрбум төгрөгийн татвар ногдуулсан. Гэвч бид татварыг хөнгөлүүлэхээр нэр бүхий хэд хэдэн яаманд хандсан боловч боломжгүй гэсэн хариу өгсөн болохоор уг эмийг татвар төлж авч чадахгүй хүрсэн учир Гаалийн газрын устгал хийдэг албанд хандаад өнгөрсөн баасан гарагт устгуулсан байгаа. Энэ эмийг авсан бол 450 хүнд үнэ төлбөргүйгээр эмчилгээ хийх боломжтой байсан шүү.
Тодруулбал, ЭМЯ-ны үйл ажиллагааны доголдол, Сангийн яамны ТНБД Ж.Ганбатын хариуцлаггүй үйлдлээс болж 450 гаруй хүний элэг бүтэн болох боломж хаагдаж, 3.6 сая ам.долларын ойролцоогоор 12 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмийг устгалд орууллаа. 950 орчим хайрцаг эм байсан. Устгалд оруулахад 10 гаруй хүнтэй Ажлын хэсэг байгуулаад бичлэг хийгээд устгасан. Энэ эмийг оруулж ирэх гэж манай сан бүтэн нэг жил хөөцөлдөж байж оруулж ирсэн юм. Эрүүл мэндийн яам хандиваар авах журмаа боловсруулсаар л байна. Гурван жил боловсруулж дуусдаггүй журам бэ. Өнөөдөр яг Эмийн сонсгол явагдаж байгаа байх. Чанаргүй эм ярьж байгаа байх, чанартай эм оруулж ирэхээр устгууллаа. Үнэ төлбөргүйгээр элэгний халдвартай хүмүүст эмчилгээ хийе гэхээр ингэж хандаж байна. Үнэхээр сэтгэлгүй удирдлагууд байдаг юм байна. Хамгийн гол буруутан нь Эм эмнэлгийн хяналт зохицуулалтын газар гэж байгаа. Энэ газар нь байгуулагдсан цагаас хойш 4 даргын нүүр үзлээ. Одоо Энхтуяа гэж юугаа ч мэдэхгүй Чинзориг сайдын нутгийн хүн байгаа.
Сангийн яамны ТНБД Ж.Ганбат энэ ажил дээр жаахан ч гэсэн сэтгэлтэй ажилласан бол гэж бодох юм. Гаалиас чөлөөлөх хөнгөлөх боломжгүй, бараг устга гэсэн ийм бичиг хийж өгсөн байна. 450 хүний элэгний өвчлөл хавдар болчихгүй, 450 хүний ар гэрийнхэн үр хүүхэд элэг бүтэн амьдрах боломжтой байсан юм шүү дээ. 2021 оноос хойш манай сан Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг санаачилж эхлүүлээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсныг та бүхэн мэднэ" гэлээ.
Уншиж байна |