Байсхийгээд л Нийслэлд нэг том хэмжээний гал түймэр гарахад амь биеэ үл хайрлан тангараг өргөсөн онцгойгийн алба хаагч халуун амиа өргөдөг муухай жишиг тогтсон байна уу даа гэж харж халаглаж сууна. Дахиад л нэг алба хаагч гэдэг үг олон нийтийг эмзэглүүлж, бухимдуулж байна.
Хэчнээн алба хаагчаа халуун галд өргөж байж ухаарах сэхээрэх удирдлагууд бэ. Өчигдөр буюу энэ сарын 08-ны өдөр Баянхошууны нутаг дэвсгэрт байрлах "Миний" дэлгүүрийн галыг унтраахаар галын нөхцөл байдлыг тогтоохоор орсон алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдав. Нэг сайхан аав хань ижлээ хайртай үр хүүхдээ өнчрүүлээд бүр явав. Харуусах ч багадна. Тухайн их хэмжээний гал руу дөрвөн албан хаагч орсон ч гурав нь эсэн мэнд гарч ирсэн. Харин нэг нь гарч ирж чадалгүй амиа алдсан байв. Цогцсыг эрэн хайж байж гаргаж ирсэн талаар НОБГ-ын дэд дарга мэдээлсэн. Үнэхээр харамсалтай.
Талийгаач Ж нь онцгой байдлын албанд олон жил ажилласан таван хүүхдийн эцэг байлаа. Тэрээр өмнө нь ч гал түймэр унтрааж явж байгаад бие нь 80 хувь түлэгдэж байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Тиймээс тэтгэвэртээ гарах өргөдлөө өгч байсан ч өргөдлийг хүлээн аваагүй. Харин ч гал түймэр унтраах ажилд дайчлуулж байгаад амийг нь үгүй хийлгэв. Хүсэлтийг нь цаг тухайд нь хүлээгээд авсан бол өнөөдөр нэг гэр бүл элэг бүтэн энхрий хайртай үрс нь аавтайгаа байх байлаа. Ар гэрийнхэн нь холбогдох газрын удирдлагуудад гомдолтой байгаагаа илэрхийлэв.
Хамгийн хэцүү нь энхийн цагт хэд хэдээрээ үхэж үрэгдэнэ гэдэг амар юм биш. Он гарсаар онцгой байдлын таван алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт байранд гарсан гал руу халуун нүүр гараараа орсон 20 хэдхэн настай цэл залуухан хүү угаартаж нас барсан.
Түүний дараа БЗД-ийн нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох замын уулзварт их хэмжээний газ тээвэрлэсэн том тэрэг жижиг тэрэгтэй мөргөлдсөний улмаас газ алдагдаж, улмаар том хэмжээний дэлбэрэлт болсон. Гал унтраах ирсэн гурван алба хаагч мөн л халуун галд амиа өргөж, галын улмаас өчнөөн хүн бэртэж түлэгдэж, энгийн дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүний дараа өчигдрийн аймшигт гал түймэр гарч, бас нэгэн сайхан аавын хүүг аваад явлаа.
Хэчнээн хүний амь насаар наадаж байж үүрэг хариуцлагаа ухамсарлаж, сандал ширээнээсээ буух дарга нар бэ. Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нараас асуухад, хэзээ энэ бүхэнд хариуцлага хүлээх вэ. Алба хаагчдаа хэзээ иж бүрэн тусгай хэрэгцээт хувцас хэрэглэлээр хангах вэ, хэзээ аюулгүй ажил үүргээ гүйцэтгэдэг болох вэ. Ийм байдлыг чинь өдөр бүр харсаар байвал хэн ч энэ албанд хүүгээ, ханиа хүчин зүтгүүлэхгүй, хэн ч тангараг өргүүлэхгүй салбар болж хувирах вий дээ.
Дайн дажинтай биш энхийн амар амгалан цагт хайртай хүмүүст нь ханийнх нь хүүгийнх нь аавынх нь хайрыг орон зайг хэзээ ч нөхөж барахгүй. Салбарын сайд дарга нараас нь ёсзүйн хариуцлага нэхэж, хариуцлага тооцдог жишигтэй болгоё. Алба хаагчдын хувцас хэрэглэлийг бүрэн бүтэн хүрэлцээтэй, хангаж сайтай болгоё. Өөрсдийгөө хамгаалсан үгээр ам тагладагаа болъё сайд, дарга нараа.
Уншиж байна |