Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим хуудсанд нэгэн цэцэрлэгийн багштай холбоотой бусармаг дуулиан шуугиан тарив. Тодруулбал, Нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн туслах багш эмэгтэй 2-3 настай хүүхдүүдийг шалтгаангүйгээр алгадаж, улмаар сандалтай нь хүлдэг байсан ноцтой асуудал ил болов.
Хүүхдүүдийн эцэг эхчүүд камерийн бичлэгээр тухайн багшийн байж боломгүй бусармаг үйлдлийг ил гаргасан байгаа юм. Хүүхэд зодож, алгадаж гэмтээдэг байсан багшийн хувьд цэцэрлэгт 14 жил ажилласан гэдэг. Ингэхдээ Архангай аймагт цэцэрлэгт туслах багшаар ажилладаг байжээ. Тэрбээр энэхүү бусармаг үйлдлээ эцэг эхчүүдэд тайлбарлахдаа "Стресс ихтэй үед хүүхэд хоёр алгадсан. Ийм зүйл хийснээ санахгүй байна, яагаад хүүхэд цохисон юм болоо" гэсэн утгатай зүйл ярьжээ.
Тэгвэл бага насны буюу 2-3 настай хүүхдийг зодож сандалтай нь хүлдэг байсан энэхүү багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Багшдаа зодуулдаг байсан хүүхдүүдээс хоёрынх нь бие сайн биш, бусад нь цэцэрлэгтээ явах дургүй болжээ.