1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж, улмаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1992 оны 12 дугаар сарын 22-ны өдөр A/RES/47/193 тоот тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан.
Жил бүрийн Дэлхийн усны өдрийг усны тодорхой сэдвийн доор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд улс орнуудад устай холбоотой аливаа асуудлын талаар мэдлэг, мэдээлэл солилцох, бусдад түгээх, өөрчлөлт хийх, хэлэлцэх боломжийг олгодог ач холбогдолтой.
НҮБ-аас 2024 оны Дэлхийн Усны Өдрийг “Усны асуудлыг шийдэж Энхтайванд хүрцгээе” (Leveraging Water for Peace) уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн нь цагаа олсон сэдэв болжээ. Харамсалтай нь өнөөдөр дэлхий дахинаа ойрд үзэгдээгүй мөргөлдөөн, дайн дажны байдалтай, тун түгшүүртэй байна. Геополитик, улс төр, эдийн засаг, үзэл бодлын шинжтэй Орос-Украйн, Израйль-Палестин буюу Хамас бүлэглэл, Йемен-АНУ, Английн хооронд шууд дайн болж хэдэн арван мянга, зуугаар хүний амь сүйдэж, хот суурин сүйрч, хүн ард нь хэдэн саяар гэр орон, нутгаа орхин дүрвэж, хөгжил дэвшил зогсонги байдалд хүрлээ. Энэ дайн мөргөлдөөн, дайнтай зэрэгцээд байгаль орчин, эрүүл мэнд, усны асуудал улам хүндэрсээр байна.
Устай холбоотой зарим тоо баримт...
Дэлхий дээр 2.2 тэрбум хүний ундны усны асуудал хүнд хэвээр буюу шаардлага хангасан ундны усаар хангагдаагүй байна (WHO/UNICEF, 2023). 2050 оны түвшинд дэлхийн хүн ам 9.0 тэрбумд хүрэхэд энэхүү статистик улам нэмэгдэх хандлагатай байна.
Дэлхийн хүн амын хагас нь жилийн аль нэг улиралд усны гачигдалтай тулгарч байна. Өнгөрсөн 50 жилд үер, устай холбоотой гамшиг нийт байгалийн гамшигт үзэгдлүүдийн дотор давамгайлж байгаа бөгөөд гамшигт амь насаа алдсан хүний 70 хувийг устай холбоотой гамшиг эзэлдэг байна.
Дэлхийн бүх гол мөрний 3/5-ийг хоёр болон түүнээс олон улс орноор дамжин урсаж тэдгээрийн усны нөөцийг хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн 145 улс орны нутаг дэвсгэр 263 гол мөрний савд зэрэгцэн оршиж байна. Дэлхийн олон улс орны усны хэрэглээ өөр улс орны нутаг дэвсгэрт бүрдсэн усны нөөцөөс ихээхэн хамааралтай оршин тогтнож байна. Тухайлбал, Энэтхэгийн усны нөөцийн 34%, Пакистаны 76% хувь хөрш зэргэлдээ улс орноос эх үүсвэртэй байна. Нил мөрний сав газрын усны нөөцийг 11 улс, орон хуваан хүртэж байна.
Харин өнөөдөр Монгол Улсад усны асуудал ямар байгаа талаар ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөг Усны газрын дарга З.Батбаяр салбарынхан, олон нийтэд танилцуулахаар болжээ.