Увс аймгийн АН-аас өнөөдөр /2024.02.16/ мэдээлэл хийлээ. Тус аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн “УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 2011 онд Хотгор шанагын уурхайг солонгосчуудад 10 сая ам.доллараар зарсан. Авсан, өгсөн гэрээ, шилжүүлсэн мөнгөний баримтууд бүгд тодорхой. Төрсөн нутгийнхаа уурхайг 10 сая ам.доллараар зарсан бол хуулиар 10 хувийн татвар төлөх ёстой. Энэ татварыг төлсөн үү. Ах дүүтэйгээ нийлж авсан 10 сая ам.долларынхаа ядаж 1 сая $-ыг татварт төлчих. Хууль биелүүлж, ёс суртахуунтайгаар 10 хувийн татвараа төлчих.
Ч.Хүрэлбаатарын найз Аморе интернэшнл ХХК-ийн захирал Ж.Баатарсүрэн утаагүй түлшний үйлдвэр барина гэж улсаас 17 тэрбум төгрөг авсан. Үйлдвэр байхгүй, мөнгө ч байхгүй, нэг кг ч түлш үйлдвэрлээгүй. Сүүлд сонсох нь ээ, 17 тэрбум төгрөгийн үйлдвэрийн төмрийн хогийг Тавантолгой түлш ХХК руу балансад балансад шилжүүлээд орхисон гэсэн. Төрөөс 17 тэрбум төгрөг аваад үйлдвэр ч байхгүй, мөнгө ч байхгүй байхад яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ.
Ч.Хүрэлбаатар Увс аймагт хөрөнгө оруулалт шийдчихээд араас нь дээрэмчдээ явуулчихдаг. Увс аймагт баригдаж байгаа драмын театрын барилга долоон жил болж байна. Анх 6.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажил эхэлсэн. Долоон жилийн дараа 2024 оны төсөвт 15.4 тэрбум болж, 9 тэрбумаар нэмэгдсэн. Энэ ажлыг Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилд хамгийн сайн явдаг Дүрт Уул гэдэг компани авсан, одоо болтол ашиглалтад ороогүй байна.
Увс аймгийн Улаангомын Чандманий гэзэгт баригдах 1.2 км автозам байна. Төсөвт өртөг нь тэрбум гаруй төгрөг. Энэ бас долоон жил болж байхад зам ч байхгүй, мөнгө ч байхгүй, гүйцэтгэгч компани ч байхгүй. Үүний хариуцлагыг ярихгүй юм уу.
Ч.Хүрэлбаатар 2018 онд Сангийн сайд байхдаа 320 тоот тушаал гаргасан. Ашигт малтмалын лиценз эзэмшдэг компани тусгай зөвшөөрлөө шилжүүлэхэд нөөцийн 10 хувиар бодож, татвар төлөх ёстой. Гэтэл хичнээн лиценз шилжсэн, ямар хэмжээний татвар хэзээ төлөгдсөн талаар ямар ч мэдээлэлгүй, хаалттай байна. Үүнийг шалгуулахаар бид АМГТГ, ТЕГ-т өргөдөл өгч байна. Үүнийг тойрсон маш их авлига, хууль бус үйлдлүүд яригддаг. Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийн Б.Дашпүрэв гэдэг хүн АМГТГ-т байгаа. ТЕГ-ын дарга Б.Заяабал бас Ч.Хүрэлбаатарын бүлэглэлийн хүн. Сангийн сайд, АМГТГ, ТЕГ-т суусан бүлэглэл гэмт хэрэг үйлдээд байгаа юм биш биз” хэмээн хардаж байгаагаа илэрхийллээ.
Б.Хэрлэн