Санхүүгийн пирамид гэж юу болох, түүнээс хэрхэн сэрэмжлэх вэ
2023-09-29

Арван мянга, 100 мянга, сая төгрөг оруулаад түүнийгээ хэд дахин нугалсан мөнгө олох саналууд гарсаар олон жилийн нүүрийг үзэж байна. Амар хялбараар мөнгө олох гэсэн луйварчид ийм саналыг мөн л их мөнгө олох гэсэн "гэнэн" хүмүүст тавих бөгөөд гагцхүү ийм саналын ард санхүүгийн пирамид нуугдаж байдаг.  Манай улсад жил бүр олон хүнийг хохироож, иргэд итгэн мөнгөө өгсөөр байгаа санхүүгийн пирамид гэж юу вэ? ВВС, Sputnik.KZ, РБК агентлагуудад нийтлэгдсэн, санхүүгийн пирамидээс сэргийлэх тухай нийтлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар хүргэж байна. 

 

 

Санхүүгийн пирамид гэж юу вэ?

 

Санхүүгийн пирамид гэдэг нь шинэ гишүүдийн оруулсан мөнгөний тусламжтайгаар өмнөх гишүүдийн хувийг өгдөг луйврын систем юм.

 

Санхүүгийн пирамидыг анх бий болгосон хүнийг Америкийн иргэн Чарльз Понци гэж үздэг. Тэрбээр шуудангийн маркийг дамлан зарж, гишүүдийнхээ орлогыг нэмэгдүүлэх зорилготой байгууллага үүсгэн байгуулжээ. Тэрбээр сэтгүүл гаргахаар бодож байхдаа энэ схемийг бодож олсон гэдэг. Понци нэгэн испани эртэй сэтгүүлийн дугаар худалдан авахаар тохиролцсон бөгөөд испани эр шуудангийн маркаар сольж болох тасалбаруудыг шуудангаар илгээжээ. Тасалбарыг солих ханшийн зөрүүнээс үүдэн зургаа дахин орлого олсон Понци  энэ байдлыг ашиглан схемээ үүсгэж, гишүүддээ зургаан дахин их ашиг өгөхийг амласан сүлжээгээ байгуулсан аж. 

 

Гэхдээ пирамид гэдэг үг хожим буюу ХХ зууны дундуур үүссэн гэдэг. Тухайн үед олон шатлалт схем үүссэн бөгөөд конус зарчмаар бүтсэн энэ системийн дээд талд байгаа үндэслэгчид буюу анхны гишүүд араас нь элсэн орсон гишүүдийн мөнгөнөөс ашиг хүртдэг. 

 


Санхүүгийн пирамид нь нэг түвшинт, олон түвшинт, найман бөмбөлгийн загвар, матриц схем гэсэн дөрвөн төрөлтэй байна. 

Нэг түвшинт пирамид: Энэ нь Понцигийн пирамид бөгөөд луйврын схемийн энгийн төрөл гэж санхүүгийн шинжээчид үздэг. Энэ схемийг үүсгэсэн хүн хангалттай баталгаагүй үнэт цаас гаргаж, хувь нийлүүлэгчдэдээ зарна. Эхний хувь нийлүүлэгчдэд дараагийн гишүүдээс авсан мөнгөнөөс хувь хүртээнэ. Цаашлах тусам шинэ гишүүд огт мөнгө авахгүй бөгөөд ингэснээр схем нуран унадаг. 

 

Олон шатлалт пирамид: Энэ пирамидад орж буй шинэ гишүүд мөнгөө өгөөд зогсохгүй шинэ гишүүн оруулж, үүнийхээ төлөө хувь авна. Ингэснээр пирамид үүсэх бөгөөд шатлал доошлох тусам олон хүн гишүүнээр элсэнэ.  Эрт орой хэзээ нэгэн цагт ийм схемд орох хүн дуусах тул пирамид нуран унадаг. Харин шат түвшин нэмэгдэхийн хэрээр пирамидын орой дээр байгаа буюу анхны хөрөнгө оруулагчид мөнгөждөг. Тиймээс энэ төрлийн пирамидад анх орсон хүмүүст ашигтай гэж шинжээчид үздэг байна.

 

Найман бөмбөлгийн загвар: Санхүүгийн зах зээл дээр пирамидуудын оршин тогтноод олон жил өнгөрсөн тул хүмүүсийг хуурахад хүнд болсон гэдгийг луйварчид ойлгожээ. Тиймээс өөр загвар бодож олсон нь найман бөмбөлгийн загвар. Үүнд элссэн оролцогч бүр шинэ хоёр гишүүнийг элсүүлэх бөгөөд үүнийхээ төлөө хувь авна, шинээр элссэн хүмүүс ч мөн тус бүр хоёр гишүүн элсүүлэх ёстой.

 

Матриц схем: Тодорхой тооны хүмүүс нийлж нэг үүр бүтээнэ. Нэг үүрт шаардлагатай тооны хүн элссэн нөхцөлд нэг түвшин ахиж, тодорхой бонус авна. Ингэснээр мөн л пирамидын зарчмаар цааш үргэлжилдэг.

 

Санхүүгийн пирамидыг хэрхэн таних вэ? 

 

 

Санхүүгийн пирамидыг таних хэд хэдэн шинж тэмдэг бий.

 

Ямар ч эрсдэлгүйгээр өндөр орлого олно гэж амлах

 

Байнга сурталчилж, зах зээлийн түвшнээс өндөр орлого амална. Санхүүгийн зах зээл дээр ийм мэдэгдэл хийхийг хориглодог. Мөн ямар ч эрсдэлгүй гэж амална. Гэтэл үнэндээ эрсдэл, хохиролгүй хөрөнгө оруулалт гэж байдаггүй.

 

Шинэ гишүүд авчрахыг уриална 

 

Шинэ гишүүн бүрийн тоогоор хувь өгөхийг амална. Ингэснээр аль болох олон хүнийг хүрээлэлдээ оруулж, тэдний мөнгийг салгаад нуугдана гэж луйварчид тооцоолдог.

 

Хөрөнгө оруулалтын баталгаа байхгүй

 

Танд гоё танилцуулга харуулах боловч санхүүгийн баримт бичиг үзүүлэхгүй. Өөр хуулийн этгээд эсвэл хувь хүний дансаар мөнгө авах нь элбэг. Мөн мөнгө төлсөн ямар ч баримт өгөхгүй. Ингэснээр танд хөрөнгө оруулалтын баталгаа үлдэхгүй.

 

Албан ёсны хаяггүй

 

Утасны дугаар, цахим шуудангийн хаяг, шуудангийн хаяг ч байхгүй. Та зөвхөн чат, эсвэл мессенжерээр л холбогдоно. Эцсийн дүнд ч хохирогч ч тэр хууль сахиулагчид ч тэр ийм луйварчдыг олоход хүндрэлтэй байдаг.

 

Түүнчлэн тантай тодорхой утас, хаягаар харилцаж байсан ч нэг л өдөр утас нь холбогдохгүй, олон нийтийн сүлжээн дэх хаяг нь устсан, сайт нь ажиллахгүй болох зэргээр санхүүгийн пирамидыг үүсгэгч луйварчид ор сураггүй алга болно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин