ҮАБЗ-ийн Үндэсний аюулгүй байдлын ажлын албанаас сүүлийн үед нийгмийн сүлжээнд гэмт хэргийн шинж агуулсан мэдээлэл тархаж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү "Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах зэвсэгт үймээн дэгдээх чиглэлээр илт худал мэдээллийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж байгаа. Иймээс ТЕГ-аас прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл хүргэж байна.
2023 оны наймдугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд ЧААГИЙ ЧАГНАА гэх фэйсбүүк хаягаас "Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүүлэн өгөх гэж байна" гэсэн илт худал мэдээллийг нийтэлсэн.
2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр ЭНХБАЯР ПИЖИ гэх хаягаас "Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Бид та бүхэнд буу зэвсэг, галт хэрэгслээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэж засаг төрийг эргүүлцгээе" гэх агуулга бүхий мэдээллийг нийтэлсэн.
2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр Гилийн тамга гэх хаягаас "Баян-Өлгий аймагт аймгийн иргэдийг айлган сүрдүүлэх зорилго хээрийн сургуулилт хийгдэж байна" гэх агуулга бүхий илт худал мэдээллийг нийтэлсэн.
Эдгээр мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг Тагнуулын байгууллагаас тогтоон Эрүүгийн хуулийн 13.14-д заасан Худал мэдээлэл тараах, 19.9 дүгээр дэх Үндэсний эв нэгдлийг бусниулах гэх зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэлээ.
Уншиж байна |