Төрөөс төрсөн тэрбумтнуудын түүх төрөөс төрсөн хулгайч нараар үргэлжилж байна. Төрийн маш их хэмжээний хөрөнгө мөнгийг хувьдаа авч, хэдэн үеэрээ идээд барахгүй эд хөрөнгөд эзэн суусан хулгайч нарын түүх үргэлжилсээр...
Төрийн хөнгөлөлт, татвар төлөгчдийн мөнгөөр туйлж ханахгүй хэсэг бүлэг хүмүүс бол концессчид, ЖДҮ-чид, Хөгжлийн банкыг тоногчид араас нь нүүрсчид... Хуульгүй, хариуцлага нэхэх хэн нэгэнгүй юм шиг л дур зоргоороо аашилсан үйл явц үргэлжилсээр байна. Тэгвэл ирэх сард буюу 14 хоногийн дараа нүүрний ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧИЙГ зарлана хэмээн Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ. Тэр "2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, авлигын олон хэргийг илрүүлэн илчилж байна. Сайн цаг наашилж байна. Хоёр долоо хоногийн дараа нүүрсний хэргийн асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгуулж, шударга бус үйлдлийг илчлэх болно. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-ын танхимд яригдаж, олон удаа асуугдсан ЖИНХЭНЭ хулгайч илчлэгдэнэ. Харин сонсголыг явуулахгүй гэх санаархалд автахгүй байхыг хүсье.
УИХ-ын Хяналт, шалгалтын түр хороо хуралдаж, зарим шинжээч нарыг солих санал гаргасан боловч солихгүй гэж зарим гишүүд санал тавиад байна. Нөхцөл байдлыг ил тод хэлнэ. Түр хорооны даргын хувьд намчирхалгүй адил тэгш зарчим барьж ажиллана" хэмээн мэдэгдсэн.
Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа.
Одоогоор тус хороо шинжээчид, хянан шалгагчдаа томилж, нүүрсний экспорт хийдэг томоохон аж ахуйн нэгжүүдийн худалдан авалттай холбоотой материалуудыг татан авсан байна. Үргэлжлүүлэн дүн шинжилгээ хийх, гэрээ хэлцэлүүдэд дүн шинжилгээ хийх, анх ашиглалтын лиценз олгогдсоноос хойш уулын ажлын төлөвлөгөөний дагуу нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явагдсан эсэх, уурхайн хөгжлийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явагдаж буй эсэх, нүүрсний тээвэртэй холбоотой гэрээ хэлцлүүдийг хянан шалгаж байгаа. Тус хорооныхон уг ажлуудаа 14 хоногийн дараа дуусгаж, ЖИНХЭНЭ хулгайчийг зарлах сонсголоо хийх юм.