УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар даргалан явуулж байна. Хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар мэдээлэл сонслоо.
Үүний дараа сөрөг хүчний гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Сөрөг хүчний гишүүдийн асуудалтад Б.Энхбаяр гишүүн хариулахдаа "Ирэх сард нүүрсний сонсгол хийх гэж байна. МАН Засгийн эрх барьсан он жилүүдэд дийлэнх хулгай яригдана. Намчирхал, дарга цэргийн хаацайлал байхгүйгээр асуудал илчлэгдэнэ. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-ын танхимд яригдаж, олон удаа асуугдсан ЖИНХЭНЭ хулгайч илчлэгдэнэ" гэдгийг онцлов. Хэд хэдэн гишүүн асуулт асууж, хариулт авахад Б.Энхбаяр гишүүн дээрхтэй төстэй байр суурийг илэрхийллээ.
Харин Б.Энхбаяр сайдыг үг хэлж дуусах бүрт УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ёжтойгоор инээж, басамжлан, тохуурсан биеийн хэлэмжийг гаргаж байв.