Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ E-Mongolia-гийн багтай өглөөний уулзалт хийж байна
2023-11-13

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гийн баг хамт олонтой хийж байна. Тэрбээр "E-Mongolia 4.0” системийн хөгжүүлэлттэй холбогдуулан үг хэлж, системийн дараагийн шинэчлэлийг иргэдийн саналд тулгуурлаж хийх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд онцгой анхаарахыг үүрэг болгов. Нийтийн тээвэр, төрийн үйлчилгээ зэрэг хотын асуудалд томоохон реформ хийхийг иргэд хүсэж байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах хэрэгтэйг хэлэв. 

 

Мөн Монгол Улсын нэгдсэн веб, төлбөрийн систем, хиймэл оюун ухааныг E-Mongolia 4.0-д ашиглах зэрэг санал дэвшүүллээ.

 

Өнөөдрийн байдлаар 86 байгууллагын 1106 үйлчилгээг тус цонхонд нэгтгэж, 1.7 сая хэрэглэгчтэй болж, 36.5 сая удаагийн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг иргэдээс хэмнэсэн байна. Мөн энэ оны тавдугаар сард “E-Mongolia 3.0” систем нээлтээ хийснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглах боломж бүрдэж, ААН-үүдийн бүртгэл хялбар, шуурхай болж, нотариатын үйлчилгээ нэмэгджээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин