УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зайлшгүй шаардлагаар гадаадад эмчилгээ хийлгэх иргэдэд эмчилгээний зардал олгох асуудлыг хэлэлцэж байна. Иргэдэд эмчилгээний зардал олгох санд ирэх жил 10 тэрбум төгрөг суулгаж байгаа аж. Энэ сангаас гадаадад эмчилгээ хийлгэсэн хүүхдийн төлбөрийн 50 хувь, том хүний зардлын 20 хувийг гаргахаар тооцоо хийж байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуула УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Сангийн хөрөнгийг нэмэгдүүлж, гадагш нь мөнгө гаргах бодлого өнөө маргаашийн зовлон. Энэ бодлогыг цаашид үргэлжлүүлэх ёсгүй. Монголчууд жилд 300 орчим сая ам.долларыг Солонгос улсад эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд зарцуулдаг албан бус тооцоо бий. Энд тоног төхөөрөмж, эмч нарын туршлага тааруу учраас гадагшаа яв гэсэн зөвлөгөө өгдөг. Сүүлдээ эмнэлгүүд аялал жуулчлалын товчоо шиг болж байна.
Нэг, хоёр бус нийт хүүхдийн асуудлыг шийдэхийн тулд гадаадаас сайн туршлагатай эмч нарын багийг хөлсөлж авчрах хэрэгтэй. Монгол эмч нар дагалдаж, туршлагатай болно. Мөн технологи суурьшина. Цаашид гадагшаа явж эмчлүүлсэн бүхэнд мөнгө өгнө гэсэн хэлбэрээр явбал манай улсын эрүүл мэндийн тогтолцоо гажуудна. Зайлшгүй, ховор тохиолдолд тусалж дэмжих нь зөв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Гадагшаа явж байгаа зардал замаа алдсан. Жилд 350-400 сая ам.долларыг БНСУ, Тайланд, Турк зэрэг улсад зарцуулж байна. Хорт хавдрыг эмчлэх чинь шинэ нээлт биш. Хүний хэдийнэ хийсэн зүйлийг Монголд нутагшуулах гэж байна. 30 жилд ярьж байна. Нэг, хоёр эмч яваад амжилт олохгүй. Гадаадаас баг авчирч, дагалдах ёстой.
Монгол Улсад эмчлэх боломжгүй хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна. Үүний шалтгаан юу байна вэ? Манай улсад илэрч байгаа хорт хавдрын шинж чанар ямар байдаг вэ?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Шинэ технологи нэвтрүүлэх зардлыг тухайн эрүүл мэндийн байгууллага өөрсдөө хариуц гэдэг учраас энэ явцгүй байна. Эрүүл мэндийн салбарын бодлогод томоохон өөрчлөлт хийх цаг болсон. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон жил орхисон байна. Бусад оронд нийгмийн эрүүл мэнд, анхан шатны үйлчилгээнд санхүүжилтийнхээ 50-80 хувийг өгдөг. Гэтэл манайх 20-хон хувийг өгдөг.
Дотоодод оношилж, эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчний 14 нь хүүхдийн өвчлөл байна. Тиймээс дотоодод эмчилж чадахгүй, зайлшгүй гадаад явах өвчлөлд эмчилгээ үйлчилгээний зардал олгох нарийн зохицуулалт хийнэ.
Манай улс хорт хавдрын шалтгаан нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Энэ бол хамгийн харамсалтай мэдээ. Шинэ технологи нэвтрүүлж, эмнэлгүүдийн чадавхийг бэхжүүлэх асар их ажил байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Зайлшгүй хөрөнгө оруулалт хийж байж технологийн дэвшлийг авчрах ёстой. Үүнийг эмнэлгүүд бие дааж хийх боломж маш хязгаарлагдмал.
Монгол бүү хэл дэлхийн өндөр хөгжилтэй орнууд өөрсдөө эмчилж чадахгүй хүмүүсээ чаддаг улс руу нь даатгалын системээрээ явуулдаг. Тухайлбал, 10-аад жилийн өмнө Англи улс өвдөгний үе солиулах өвчтнүүдээ Герман улс руу илгээж, даатгалын тогтолцоогоороо хямд зардлаар эмчлүүлэх боломжийг олгодог байсан. Бид ч энэ замаар явах хэрэгтэй. Нэгэнт эмчилж чадахгүй бол даатгалын системээрээ гадаадаас эмчилгээ худалдан авдаг тогтолцоогоо дэлгэрүүлэх хэрэгтэй.
Гадаад руу өвчтөн илгээдэг зуучлалын байгууллагуудыг дэмжих биш ЭМЯ бодлогоор олон улсын тендер зарлаж, гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, Монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоод, аажимдаа Монголдоо эмчилдэг болох ёстой.
Бид олон өвчнийг эмчилж чаддаг болсон. Бид элэг сольдог. Гэхдээ цусны бүлэг өөр өвчтөнд элэг сольж чадахгүй байгаа. Тиймээс эмч нарын зөвлөл ажиллаж, эмчилж чадахгүй өвчнийг нарийн тодорхой зааж өгөх ёстой.
Хүүхдийн зардлын 50 хувийг даана гэдэг бол зөв. Нэгэнт Монголдоо эмчилж чадахгүй бол 100 хувь даах боломжийг эрж хайх ёстой.
Манайд нас баралтын гол шалтгаан болж байгаа хорт хавдрууд бүгд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлбэл эмчлэх боломжтой хорт хавдрууд байгаа. Тиймээс 2024 онд хорт хавдрын хөтөлбөрөө үндсэн болгооч ээ. Элэг, ходоод, улаан хоолой, уушгины хавдрыг эрт илрүүлж болж байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Бид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нөлөөллийн ажил маш сайн хиймээр байна. Хавдар бүрэн эдгэх боломжтой өвчин. Хамгийн гол нь хавдраар өвчилж байгаа иргэдийн 74 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Тиймээс эрт илрүүлэг, оношлогоонд шинэ технологи нэвтрүүлж, эрс шинэчлэл хийх хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Б.Бейсен: 10 тэрбум төгрөг арай бага байна. Бүхэл бүтэн улсын Эрүүл мэндийг дэмжих сан 10-хан тэрбум төгрөг хуваарилж байна. Үүнийг анхаарах цаг болсон.
Эмч нар чадвартай ч тоног төхөөрөмж дутагдалтай байна. Орон нутагт хагалгаа хийх болохоор вакуумжсан өрөө байдаггүй. Тоног төхөөрөмж дутагдалтай. Эмч нарын ур чадвар хүрэхгүй, хотоос эмч дууддаг. Энэ салбарт анхаарах цаг нь ирсэн.
Хэдэн жилийн өмнө 1.7 тэрбум төгрөгөөр эмч нарыг сургасан. Цөөхөн эмч явж, сурсан. Ажлын байрны сургалтад анхаарах хэрэгтэй. Орон нутагт олон тоног төхөөрөмж очсон ч ажиллуулж чадахгүй байна.
Сангийн хөрөнгийг зарцуулах журам, шалгуур үзүүлэлт тодорхой болсон уу. Өвчлөл хүнстэй холбоотой юу, эмийн хоруу чанартай холбоотой юу?
Гадаад орнуудын эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой гэрээ хийх асуудал чухал байна. БНСУ, Энэтхэг, Турк улсын эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ хийх шаардлагатай байна. Тэгвэл хөнгөн тусна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Чамлахаар чанга атга гэсэн үг бий. 2023 оны төсөвт Эрүүл мэндийг дэмжих санд 2 тэрбум төгрөг хуваарилсан. Ирэх жил 5 дахи нэмэгдүүлж, 10 тэрбум болголоо. Үүнийг чамлаад яахав. Хамгийн гол нь бусад шиг муухай нэртэй сан болгохгүй байх нь миний толгойны өвчин болоод байна. Хуулийг баталсны дараа Засгийн газар журам батална.
Уушгины хавдраар өвчилж байгаа иргэдийн 40 хувь нь агаар, орчны бохирдлоос үүдэлтэй гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэ зөвхөн ЭМЯ-ны асуудал биш. Шалтгаануудыг зөв оношилж, арилгах асуудал салбар хоорондын асар их зохицуулалт шаардсан ажил байна.
Манайд асар олон тоног төхөөрөмж байна. Ашиглалт муу байна. Засвар үйлчилгээг бид өөрсдөө хийж чадахгүй байна. Орчин үеийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, засвар үйлчилгээг хийхэд анхаарна.
Ийн гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулж, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Уншиж байна |