Монгол Улс сонгуулийн жилүүдэд хамгийн их алдагдалтай төсвийг баталдаг түүхтэй. 2016, 2020 онуудад түүхэндээ хамгийн их алдагдалтай баталж байв.
Тэгвэл 2024 он ч мөн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоохоор болчихлоо. Тодруулбал, Засгийн газраас 2024 оны төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөг, зарлагыг 27.4 их наяд болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Хуулийн дагуу энэ сарын 15 гэхэд 2024 оны төсвийг парламент батлах ёстой. Харин ирэх оны төсөв гишүүдийн тойргийн төсвийг нэмэх, авилгийн шинж агуулж алдагдалтай батлах гэж байгаа талаар Н.Алтанхуяг гишүүн хөндлөө. Түүний зүгээс "Төсвөө буцааж татаж аваад алдагдалгүй батлах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийг 3 орчим тэрбум төгрөг тавьж хахуульдах гэж байна. 76-г гурваар үржүүлэхэд 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. УИХ-ын гишүүдийг авлигадах гэсэн асуудлыг Б.Жавхлан зогсоомоор байна. Ямар ч үнээр хамаагүй улсын төсвийг батлах гэж байна" хэмээн мэдэгдэв.
Харин энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Үүнд хариулах эрх, үүрэг байхгүй. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 15-наас хойш энэ жилийн есдүгээр сарын 29 хүртэл санал авч төсөв боловсруулсан. Хууль зөрчсөн зүйлгүй" хэмээн мэдэгдлээ. Ийнхүү ирэх сонгуулийн босгон дээр Г.Занданшатарын ангийнхан тойрог дээрээ ГУРВАН тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрхтэй болж байна.
2024 оны хувьд Монгол Улс уул уурхайн орлогынхоо ихэнхийг хөдөөгийн хөгжлийг дэмжихэд зориулахаар төлөвлөсөн. Орон нутагт ажиллаж амьдарч байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмэх, малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах гээд сонгуулийн жилийн төсөв хөдөөнийхөнд хүртээмжтэй байх нь ойлгомжтой болж байна. Дээрээс нь гишүүд нь тойрогтоо гурван тэрбумтай, халаас зузаан очих нь ээ.
Уншиж байна |