Түгжрэлийн шинэ сайд Б.Дэлгэрсайхан “Иргэд автобусанд сууж сурах ёстой” гэж даажигнав. Автобусаа оруулж ирчихээд, тэр нь хотоор хоосон давхиад байгаа бол энэ үгнийх нь төлөө сайдад алга ташин баяр хүргэж, иргэдийг буруутгая. Гэхдээ суух автобус нь хаана байна вэ?
Автобус ирэхгүй, ирсэнд нь багтахгүй байгаа учраас хот даяараа хол, ойрыг ялгахгүй, даарч бээрэн алхаж байгаа иргэдийн дүр төрх сайд, дарга нарт харагддаггүй хэрэг үү? Өвлийн хүйтэнд автобус хүлээж, аргаа барахдаа алхаж байгаа нийслэлчүүдийн зовлон зөвхөн улны бидэнд л харагддаг юм гэж үү. Харин сайд, дарга нарын нүдэнд нийслэлчүүд бүгдээрээ машин унан сэлгүүцэж, албаар замын түгжрэл үүсгэн зогсоо нь харагддаг хэрэг үү, яг л илбэ мэт.
Хотынхонд хоёр л зам бий. Хөл дүүжлэх унаатай нь түгжрэлд машиндаа суух, ядаж дулаан. Харин унаагүй нь хол ойрыг ялгалгүй, даарч бээрэн алхах. Өөр сонголтгүй ийм нөхцөлд иргэдийг автобусанд суулгахын тулд эдийн засгийн арга хэрэглэх, элдэв сурталчилгаа хийх тухай ярьж байгаа нь үнэхээр даажигнал, тоглоом тохуу. Автобус хангалттай байсан бол иргэд сайд хэлсэн, хэлээгүй автобусанд сууна. Хэн ч өвлийн хахир хүйтэнд даарч бээрэн алхахыг хүсэхгүй.
Улаанбаатар хэдийнэ дэлхийн метрополис хотын тоонд орсон, энд сая гаруй хүн аж төрдөг. Цаашид ч хүний тоо өсөн нэмэгдсээр байна. Ийм хотод их, бага багтаамжийн нийтийн тээвэр сүлжилдэж байх учиртай, дэлхийн хотуудын жишгээр бол шүү дээ. Гэвч Улаанбаатарт алга, байхгүй юмны төлөө сайд, дарга нар нь иргэдээ буруутгаж, даажигнаад зогсож байна. Ёстой хэзээ хийсэн үйлийн үр вэ гэмээр.
Санаснаар болдог бол Улаанбаатар өдийд метротай байх учиртай. Автобус улаан, ногооноороо алаглах ёстой. Дэлхийн метрополис хотуудын нэг шүү дээ. Сайд, дарга нар нь ярианаас цаашгүй, хувааж идэхийн дон туссан энэ улсын үйлийн үрийг иргэд нь үүрч, элдвээр гоочлуулж, эцэстээ хувийн унаагаа ч унах эрхгүй болохдоо тулж байна.
Эхлээд автобусаа хангалттай болгочихоод, тэр нь түгжрэлгүй, зогсолтгүй явах нөхцөлийг бүрдүүлчихээд иргэдээ буруутгаж, элдвээр гоочилно уу, сайд, дарга нар аа!
Иргэдийн боломжийг цөлмөсөн хулгайчдын балаг иргэдийг ядраасан уу гэхээс задраагаагүй шүү.
Б.Хэрлэн