Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” Олон Улсын форум арга хэмжээний хоёр дахь өдөр “Railway Mongolia 2023” төмөр замын салбар хуралдаан эхэллээ.
Хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, үг хэллээ. Тэрбээр “...Бид олон улсын тээвэр логистиктай өргөн хүрээнд, илүү олон сэжмээр холбогдож байж эдийн засгаа тэлнэ. Даяаршиж байгаа дэлхий ертөнцийн цохилох зүрхийг тэжээх лугших судас нь тээвэр логистик юм. Энэ судас өргөн уудам Монгол орныг тойрч биш дайрч гарах нь бидэнд туйлын чухал юм.
...Монгол Улсын төмөр замын нийт 2965 км. Өнгөрсөн онд бид Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 876 км төмөр замыг шинээр барьсан. Монгол Улсын үндэсний төмөр замын сүлжээг өргөтгөж, стратегийн газрууд болон томоохон төслүүдийг холбосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломж, тээвэр логистикийн чадамж нэмэгдэнэ. Улмаар аж үйлдвэрийн парк байгуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох зорилтоо хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр төмөр зам дагасан суурьшлын шинэ бүсүүд бий болж, ажлын байр нэмэгдэж, улсын нийгэм, эдийн засагт ихээхэн дэмжлэг үзүүлэх нь дамжиггүй юм.
...Бид хөрш орнуудтайгаа таван чиглэлээр төмөр замын гарц холбохоор ажиллаж байна. Энэ гарцууд нээгдсэнээр ачаа эргэлт 180 сая тонн болж, төмөр замын чадавх эрс сайжирна.
Монгол Улсын төмөр замын төв коридор болох Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэн цахилгаанжуулж, хос төмөр замтай болсноор Монгол Улсын тээвэр логистик шинэ шатанд гарна. Хоёр хөрш орон болон дэлхийн бүс нутгийн тээвэр логистикийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж, улсын эдийн засгийг нэгэн чухал бат суурьтай болгоно гэдэгт бат итгэж байна” гэдгийг тэмдэглэв.
Энэ өдрийн эхний илтгэлийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын төмөр замын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь сэдвээр тавилаа.
Төмөр зам бол хөгжлийн судас. Монгол Улс өнөөдрийн байдлаар 2600 орчим км төмөр замтай байгаа бөгөөд цаашид 4600 гаруй км төмөр замтай болох бодлого баримталж байна.
2019 онд төмөр замын ганцхан коридороор 28 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2021 онд 31 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна. 2023 онд түүхэн амжилтаа эвдэж, 37 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болсон. Төмөр замын салбарт 17 000 хүн ажиллаж байна. Хөдлөх бүрэлдэхүүний тоо 50 гаруй хувиар нэмэгдсэн.
Монгол Улс БНХАУ-тай Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байсан. Өнөөдөр Шивээ Хүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Бичигт-Зүүн хатавч гэсэн дөрвөн боомтоор холбогдох боломжтой болсон. Энэ талаар БНХАУ-тай харилцан тохиролцож чадсан. Ойрын хоёр жилд таван төмөр замаар БНХАУ-тай холбогдож, төмөр замын таван гарцтай болно.
Хил холболтын төмөр замууд баригдаж, төмөр замын шинэ гарцууд нээгдсэнээр 2025-2030 онд Монгол Улсын төмөр замын тээвэр 180 сая тонн болж, ачаа нэвтрүүлэх чадвар 5 дахин нэмэгдэнэ.
Төмөр замын салбарт хэрэгжих томоохон төслүүд:
1.Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам: Энэ төмөр зам ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Нийт 426 км урт төмөр замаар 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Нийт 2.2 тэрбум ам.доллараар баригдана.
2.Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн төмөр зам: Нийт 1255 км урт төмөр замаар ОХУ, БНХАУ-тай холбогдож, Европ руу тээвэр хийх боломжийг нээнэ.
3.Сайншанд-Баруун—Урт-Хөөт чиглэлийн төмөр зам: Нийт 430 км урттай төмөр замыг төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Ойрын үед концессын сонгон шалгаруулалт зарлагдана.
4. Богдхан төмөр замын төсөл: Төв коридорыг Мандал өртөөтэй холбох 144 км төмөр замыг яаралтай байгуулах хэрэгцээ шаардлага байна. Нийслэлийн түгжрэлийг бууруулах, транзит тээврийг нэмэгдүүлэхэд энэ төмөр зам ихээхэн ач холбогдолтой.
5. Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ төслүүдэд хөрөнгө оруулагчдыг урьж, эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг танилцууллаа. Үргэлжлүүлэн хэлэлцүүлэг өрнөж байна.
Уншиж байна |