Бүс нутгийн тээвэр, логистикийн сүлжээг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форум өнөөдөр эхэллээ. Форумын эхний илтгэлийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тавилаа. Тэрбээр “Монгол Улс газарзүйн байршлынхаа давуу талыг ашиглан Ази-Европыг холбосон транзит улс болохыг зорьж байгаа. Монгол-БНХАУ-ын худалдааны урсгал 13.6 тэрбум ам.доллар байна. Европын холбооны улс БНХАУ-тай хийж байгаа худалдаа 800 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь Монгол Улс тээвэр логистикоо хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн эргэлтийн нэмэгдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулах боломж байгааг илэрхийлж байна. Энэ өсөлт нь Монгол Улс хилийн боомтуудаа төмөр зам болон автозамаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, цаашид транзит улс болох зорилтоо хэрэгжүүлэх нэгэн чухал шалтгаан болж байна.
Манай улс 14 улстай авто тээврийн хэлэлцээр байгуулж, 7 улстай зөвшөөрлийн бичиг солилцож, нийт 21 улстай олон улсын тээвэр хийх суурь нөхцөлийг бүрдүүлээд байна. Бид ойрын хугацаанд Герман, Гүрж, Словак, Узбекстан улсуудтай авто тээврийн хэлэлэцээр байгуулна. Цаашид Туркменистанаар дамжин Европ руу, Иран, Пакистанаар дамжин Энэтхэгийн далай руу гарах гарцтай болох хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгаа-г хэлж Засгийн газрын томоохон төслүүдийг танилцуулав.
-Ирэх 2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг “Туулын авто зам” -ын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
-Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслүүдийг хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг Та бүхэнд санал болгож байна.
-Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг Та бүхэнд санал болгож байна.
Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байна.
Төслүүд хэрэгжсэнээр
Олон улс, улсын чанартай авто замын сүлжээний 80% нь хатуу хучилттай болно.
Хатуу хучиллтай авто замаар нийт 21 хилийн боомт холбогдоно
Олон улсын авто замын сүлжээнд 5 коридор бий болно.
Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийг 24 улстай байгуулна.
Монгол Улс далайн 6 боомттой холбогдох боломж бүрдэнэ.
Монгол Улсын хилийн боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж 2030 он гэхэд 120 сая.тн ачаа автотээврээр тээвэр боломжтой болно.
Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа тээвэрлэлт 40%-иар өснө.
Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Бүс нутгийн ачаа тээврийн урсгал сайжирна. Манай улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Зам тээврийн хөгжлийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон олон улсын байгууллагуудын төлөөллийн илтгэлийг сонсож, хэлэлцүүлэг эхэллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд модератор эдийн засагч Д.Жаргалсайхан Монгол Улс-БНХАУ-ын хооронд төмөр зам тавьсан ч царигийн зөрүүнээс болж холбогдоогүй. Хэзээ холбох вэ гэсэн асуултыг ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод тавилаа. Тэрбээр:
Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр зам 2025 онд холбогдоно. ТЭЗҮ, зураг төсөл нь хийгдээд дуусаж байна. Ирэх онд бүтээн байгуулалт эхэлж, 2025 онд ямар ч саадгүй холбогдоно.
Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын хэлэлцээрийг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тохирч, ирэх жил холбогдох боломжтой болсон.
Боомтын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, хоёр улс тохирсны дараа Бичигт-Зүүн хатавч, Ханги Мандлын төмөр замын ажил хийгдэнэ. Хоёр талаас хил дээр төмөр зам ирсэн. Одоо өргөн, нарийн царигаар хил холболтын төмөр зам тавих жижигхэн ажил үлдээд байна. Үүнд Засгийн газар хоорондын тохирох асуудал байгаа.
Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Бид төмөр зам барихдаа очих улстайгаа сайн ойлголцож, тохирох ёстой. Тэгж байж төмөр замаа эхлэх ёстой. БНХАУ-тай бүх юмаа тохирохгүйгээр барьсан, зовлон нь бидэн дээр ирсэн.
Хилийн цаана Чайна Энержи гэдэг компанийн төмөр зам байгаа. Тэр компанийг үл тоож, төмөр замаа холбох боломжгүй. Царигийн хувьд эдийн засгийн үр ашгаа ярих ёстой. Дэлхийн ихэнх оронд байдаггүй өргөн царигтай зам барьчихаад олон улсын царигтай холбъё гэхээр тодорхой хүндрэл үүснэ.
Цаашид бид төмөр замд танк, том юм ярихаа болих хэрэгтэй. Одоо эдийн засгийн цэвэр үр ашиг, өрсөлдөх чадвараа харах ёстой.