Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болгох иргэдийн өргөдлийг хэлэлцэж, асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар “НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, энд байгаа булхай луйвар, авлига, хээл хахуулийг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Одоогоор татвараас зайлсхийсэн 620 хэрэг шалгагдаж байгаа. Ард түмний оролцоотойгоор И баримтын шалгалтыг нэмэгдүүлэх нь авлига хээл хахуулийн хэргийг шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй гэж үзэж байна” гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “НӨАТ-тай холбоотой далд эдийн засаг байгаа. НӨАТ төлөхгүйгээр хөнгөлөлт эдэлдэг далд эдийн засаг байгаа нь бодит үнэн. Энэ хүрээнд иргэдээс гаргасан саналуудыг судалж, НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, далд эдийн засгийг ил болгох, НДШ, ААНОАТ, ХХОАТ зэрэг татвартай холбоотой эрхзүйн орчны тогтолцоонд дүн шинжилгээ хийж, шаардлагатай бол татварын шинэчлэл хийх санаачилгыг гаргаж, танилцуулах саналыг дэвшүүлж байна” хэмээн ажлын хэсэг байгуулах санал гаргалаа.
Ажлын хэсгийг байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн ахалж, гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нарыг ажиллуулах санал гаргав.
Ажлын хэсэг байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжиж, байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Б.Хэрлэн
Уншиж байна |