Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах гэр хорооллыг орон сууцжуулах гэдэг нэртэй анхдагч хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байна. Хамтад нь 30 хуулийн төслийг өргөн барина. Нийслэлд өнөөдрийн байдлаар 720 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоо баримт бий. Жил бүр 47-50 мянган машин нэмэгдэж, импортоор орж байна.
Иймээс хуулийн төсөлд НИТХ-аас нийслэлд олгогдох автомашины дугаарын дээд хязгаарыг тогтоохоор тусгасан. Нийслэлийн хамгийн их түгжрэлтэй бүсэд ажиллаж, амьдардаг хүмүүс жилийн 717 цаг буюу жилийн 365 хоногийн 31-ийг автомашиндаа түгжрэлд өнгөрөөж байна. Иймээс төвлөрлийн сааруулах арга хэмжээ авахаар өөр сонголтгүй.
Өнөөдрийн байдлаар нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн 24 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Иймээс нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тээвэр зохицуулалтыг сайжруулахад анхаарна. Нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн системд өөрчлөлт оруулна.
Мөн энэ хуулийн төсөлд төлбөртэй бүсийн зохицуулалтыг оруулж ирсэн. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулсны дараа төлбөртэй бүсийн тарифыг НИТХ тогтоохоор тусгасан. Төлбөртэй бүсийн тариф 0-27000 мянган төгрөг байна. Дэлхийн олон оронд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийснээр түгжрэлийг 30 хүртэлх хувиар буурдаг гэсэн судалгаа бий. Төлбөртэй бүсийг тойрсон автомашины зогсоол хийхээр төлөвлөж байна. Энэ зогсоол ажлын цагаар үнэгүй байхаар төлөвлөсөн. Эхний ээлжид Баруун 4 замаас Зүүн 4 зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх бүсэд төлбөртэй бүсийг тогтооно. Энэ бүсэд дугуй, скүүтерээр зорчих зэрэг нөхцлийг бий болгоно. Төлбөртэй бүсэд амьдардаг иргэдийг төлбөрөөс 90 хувь хөнгөлнө.
Тойрог зам болон метро барих асуудлаар БНХАУ-ын Төрийн өмчит компаниудтай хэлэлцээр хийхээр төлөвлөж байна. Хэлэлцээр үр дүнд хүрсэн тохиолдолд Засгийн газар, УИХ-д танилцуулж шийдвэр гаргуулах төлөвлөгөөтэй байгаа. Их тойрууг тойруулаад 7 буудлаар Яармагийн товчоо хүртэл, Үйлдвэрчний эвлэлийн гудамж гэсэн 3 метроны шугам байгуулахаар судалгааны ажил хийгдэж байна” гэлээ.
Мөн энэхүү мэдээллийн үеэр Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн LRT төслийг үргэлжлүүлэхгүй гэсэн байр суурийг хотын дарга илэрхийллээ.