Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат “Эрүүгийн хуулийг яагаад өөрчлөх болов? Өөрчлөлт оруулсны дараа ямар үр дүн гарах вэ? Дуулиан болох бүрт эрүүгийн хуулийг өөрчилж, нийгмийн уур амьсгалыг залах чиглэлд яваад байна уу?
Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир: Хүн алах, хүн хүчиндэх, тэр дундаа бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа учраас Засгийн газраас энэ төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахаар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өмнө нь энэ зүйл ангиар ялын ямар бодлоготой байсан вэ. Энэ бодлого хэдэн хүнд үйлчилсэн вэ. Тэр хүмүүс суллагдаад ямар байдалтай байсан вэ. Ялыг 30 жил болгосноор гэмт хэргийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?
ХЗДХ-ийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: 2002 оны Эрүүгийн хуулийн бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулж байсан ялын бодлого 2015 оны Эрүүгийн хуульд зөөлөрсөн байгаа. Хүнийг алах гэмт хэрэгт оноох хорих ялын доод хэмжээ 2 жилээр, хүндрүүлэх нөхцөл 3 жилээр, дээд хэмжээг 5 жилээр багасгасан байна. Цаазаар авах ялыг халж, бүх насаар хорих ялыг оруулж ирсэн байгаа.
Бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг 2015 оноос хойш тогтомол өссөн. 2015 онд 54, 2016 онд 63, 2017 онд 79, 2018 онд 111, 2019 онд 122, 2020 онд 105, 2021 онд 147, 2022 онд 184 болон нэмэгдсэн байна. 2020, 2021 онд энэ төрлийн хэргээр ял эдэлсэн хүмүүсээс 68 нь хүчирхийллийг дахин үйлдсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ялын бодлого чангаруулах нь зөв байх. Чангаруулснаар гэмт хэргийн илрүүлэлт багасах уу. Гэрчийг устгадаг, гэмт хэрэг илрэхгүй болдог, хохирсон хүүхдийн амийг хороодог далд нөхцөл рүү оруулах вий. Засгийн газар, сайд олон нийтийн бухимдлыг дарахын тулд бүх ялыг чангаруулж болохгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.
Уншиж байна |