УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр Сүүлийн 3 жилийн хугацаанд шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан нийт сэжигтний 60-аас дээш хувийг хойшлуулашгүй тохиолдол гэдэг үндэслэлээр баривчилсан байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, үргэлжлүүлэн цагдан хорьсон тохиолдол 2020 онд 56.4 хувь, 2021 онд 61.3 хувь, 2022 онд 55.5 хувийг эзэлж байна.
Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 2020 онд 798 хийгдсэнээс 22.3 хувь нь, 2021 онд 821 хийгдсэнээс 19.6 хувь нь шүүхээр хянагдсан байна.
Дээрх судалгаанаас үзэхэд НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал эрхэлсэн ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд гарсан Монгол Улсад сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй хийгдэж байна гэсэн дүгнэлтэд үндэслэл байна.
Бид дутагдлаа нуухыг хүссэнгүй. Асуудалд бодитой хандаж, энэ дүгнэлтийн үндэс нь хууль тогтоомжид байгаа эсэхийг судалж, хуулийн зөрчлийг арилгах асуудалд анхаарал хандуулж ажиллалаа.
Сүүлийн 8 жилд 238 000 гэмт хэрэг бүртгэгдэж, 150 000 хүн сэжигтнээр шалгагдсан байна. Эндээс 9261 буюу 6.15 хувийг нь баривчилсан байна.
...2017.07.01-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үр нөлөө нэн их байна. Энэ хууль үйлчилж эхлэхээс өмнө цагдан хоригдсон 5 хүний 1 нь шүүх рүү шилждэг байсан. Шүүхээр гэмт буруутай нь нотлогдоогүй 5 хүний 4-ийг цагдан хорьж байсан байна. 2017 оноос эхлэн сүүлийн 6 жилд цагдан хоригдсон 5 хүний 4 нь шүүх рүү шилжиж байгаа нь цагдан хорих ажиллагааг шинэ хуулиар тодорхой болгосонтой холбоотой" гэдгийг хэлж цагдан хорих ажиллагаанд хийх шаардлагатай өөрчлөлтийг танилцууллаа.
Хөнгөн гэмт хэргийн цагдан хорих хугацааг 2 дахин багасгаж, 6 сар болгох
Хүндэвтэр хэргийн цагдан хорих хугацааг 1 жилийн хугацаатай болгон бууруулах
Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хязгаарлах. Хүнийг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хар тамхины хэргээс бусад хэрэгт гүйцэтгэх ажилллагаа явуулахыг хориглох саналыг оруулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хуульзүйн байнгын хороон дээр мөрдөн байцаах ажиллагааны нууц задалсан асуудлаар мэдээлэл хиймээр байна. Хичнээн хүнд хариуцлага тооцсон талаар олон нийт болон мөрдөн байцаагч, прокурор, цагдаа нарт болдоггүй, хэзээ нэгэн цагт хэрэгт орж, ял хүлээдэг гэдгийг харуулмаар байна. Биенээ мөрдөж шалгаж өгөхгүй байгаа бол прокурорын дэргэдэх мөрдөн шалгах ажиллагааны байгууллагыг сэргээх асуудлыг Засгийн газар, Ерөнхийлөгчтэй яриад оруулж ирэх үү.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулж, 2008-2023 онд 425 иргэнийг хохироож, хэлмэгдүүлсэн. Шүүхээс тухайн иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргаж, нөхөн төлбөрүүдийг тооцсон байна. Одоогоор хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорьсон хохирлыг мөнгөн дүнгээр тооцсон 2.4 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна. 2024 онд багтаан 100 хувь барагдуулах бодолтой байна. Төр өөрөө хүний эрхийг зөрчиж, алдаа гаргасан байна. Хэлмэгдүүлсэн байна. Төр хүний эрхийг сэргээх ажлыг өөрөөсөө эхлэх ёстой. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад мөнгө байхгүй гээд хойш нь тавиад байж болохгүй.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Авлига, албан тушаалын асуудалтай, улс орныг ийм болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан том дарга нар эрх мэдлээ хадгалаад, хуулийн байгууллагад нөлөөлөөд явж байна. Тэр хүмүүсийн эргэн тойрны хүмүүс ч хариуцлага хүлээхгүй байна. Яагаад мөрдөн байцаалтын нууц задраад байна вэ. Энэ бол иргэдийн анхаарлыг өөр зүтг хандуулахын зориудаар дуулиан дарах ажиллагаа гэж бодож байна. Үүний нэг нь Д.Мөнх-Эрдэнэ. Очиж уулзлаа. Хууль хяналтын байгууллагыг ашиглаж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүсийн амыг барьдаг болсон. Тэд үгээ хэлж байсан бол өнөөдөр ийм цавчаа үүсэхгүй.
Д.Мөнх-Эрдэнэ өөрийгөө эндээс амьд гарах магадлал тун бага гэж үзэж байна лээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүний эрхийн талаар ярьдаг хүмүүсийг амыг барихын тулд гүйцэтгэх ажиллагаа явуулаад байна уу даа. Шүүх авлига, албан тушаалын хэрэгтэй хүмүүст хамгийн бага ял өгдөг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хүн алсан, улс орноо тоносон хүмүүст магадланд орох боломжийг олон удаа өгч байна. Яагаад ийм юм бэ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Би Д.Ганбат гишүүнийг хүний эрхийн талд улс төрийн өндөр манлайлалтай, мэдрэмжтэй, тууштай, зоригтой гэж дотроо үнэлж явдаг.
Авлигын гэмт хэрэг үйлдсэн хүнийг магадлангаар суллахгүй гэдэг хуулийг Д.Мөнх-Эрдэнэд зориулсан гэж АН-ын гишүүд ойлгоод, улс төр оруулж сүүлдээ Энхбаяр хүн явуулаад зодуулсан гээд байгаа юм уу, би бүр ойлгохгүй байна.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн үндсэн зарчим байгаа. Эрүүгийн хууль батлагдсан өдрөөсөө хойш үйлдэгдсэн хэрэгт үйлчилдэг. Одоо хорих ял эдэлж байгаа хүмүүст одоо батлагдаагүй хууль үйлчлэхгүй. Үүнийг ойлгодоггүй юм болов уу.
Авлига, албан тушаалын хэрэг, бага насны хүүхдийг хүчиндэх, хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг магадлангаар суллахгүй гэдэг хууль батлагдсанаас хойш хорих ялаар шийтгэгдсэн хүмүүст үйлчилнэ. Одоо хорих ял эдэлж байгаа хүмүүст буцаж үйлчлэхгүй.
Шүүхэд сүүлийн 10 жил хөрөнгө оруулалт шийдээгүй байна. Энэ тоо их том сонсогдоно. Үүнийг хэдэн шүүгч хувааж аваад явах юм шиг битгий улс төр хийгээрэй. Шүүхээр хэрэг маргаан хянан шийдвэрлэж байгаа, барьцааны мөнгөөрөө хохирсон маш олон иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх шударга ёсны үйлчилгээний төлбөр гэж ойлгох ёстой. Шүүгч ямбалж сайхан өрөөнд суухын тулд мөнгө яриад байгаа юм биш.
Харааж, чичилсээр байгаад шүүгчийн цалинг мөрдөгчийн цалингаас дор оруулсан.
Ийн гишүүд асуулт асууж хариултаа авснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ.
Уншиж байна |