УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж 21 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын долоон төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Үүний нэг нь Газрын зөвшөөрлийн асуудлыг цэгцэлж газрын менежментийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм.
Төсвийн тухай хуулийг дагаж Газрын тухай хуулийг хэлэлцэх үеэр зүйл заалт нь тус хуулийн үзэл баримтлалын шинжтэй онцгой заалтуудыг хөндөж байгаа тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Төсвийг дагалдуулж орж ирж байгаа газрын тухай хууль нь газрын тухай хуулийн өөрийнх нь үзэл баримтлалын шинжтэй заалтуудыг хөндсөн учир нь АН-ын бүлэг засварлага авах хүсэлтэй байна" гэсэн хүсэлт гаргалаа. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар "Дагалдаж орж ирсэн төсөл учраас дангаар нь засварлага авах боломжгүй. Иймээс АН, МАН-ын бүлгийн дарга нар ойлголцоод, нэгдсэн байр суурин дээрээ зарчмын тохиролцоонд хүрчих" гэлээ.
Гэвч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Завсарлага авах нь зөв. Ардын намынхан урваганаж, шарваганаад байх шаардлагагүй. Өнгөрсөн гурван жилийн турш АН-ын бүлэг ковид цар тахал, эдийн засгийн хүндрэл зэргийг тооцоолж харьцангуй ойлголцож ирсэн. Баг, сум, аймагт өгөх газрыг Засгийн газар мэдэлдээ авах нь. Хууль дагасан хуулиар хулгай хийж нутгийн өөрөө удирдах ёсыг ноцтой зөрчиж байна. Олонхдоо эрдэж цөөнх рүүгээ дайрдаг байдлаа боль. Ажлыг нь дэмжээд байх тусам давраад байгаарай" гэлээ.