Б.Пүрэвдоржийг чөлөөлж, Ж.Батсуурийг томиллоо
2023-10-19

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.8-д “... Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно.” гэж заасны дагуу УИХ дахь АН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад ирүүлсэн саналыг хуралдаан даргалагч танилцуулав.

 

Уг саналд Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг чөлөөлж, дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг томилуулахаар тусгажээ. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг тус дэд хорооны гишүүнээр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

 

Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон холбогдох бусад Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцүүлгийг хийж байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/342 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан боловсруулсан байна.

 

Мөн “Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 албан хаагчтай байхаар, тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох төсөв, үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар зохицуулжээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

Shuud.mn
Сонин хачин