УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд УИХ-ын Ш.Адьшаа 2024 оны улсын төсөвтэй уялдуулан Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны асуудлыг шийдэх шаардлагатайг хэллээ. Тэрбээр “1072 хувьцааны эзэмшил, ногдол ашгийн талаар төрийн шийдвэр гаргах цаг болсон байна. УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх саналыг оруулж байна.
Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны талаар нийгэм олон шийдлийг хүсэж байгаа. Иргэдэд өмчлүүлсэн гээд байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг олгох асуудлыг улсын төсвийн хууль хэлэлцэх үеэр шийдье. Энэ асуудлыг шийдэхгүйгээс бол ард түмний хяналт тавих механизм алдагдаж байна.
1072 хувьцааны ногдол ашгийн талаар цонхны цаанаас чихэр долоолгож олон ярьдаг. Гэхдээ шийддэггүй, шийдлийг гаргаж ирдэггүй. Тиймээс төсвийн хуулиар 1072 хувьцааны ногдол ашгийг яаралтай шийдэх ёстой.
1072 хувьцааны 870 тэрбум төгрөгийг төмөр замд оруулсан гэдгийг албан ёсоор зарласан. Иргэдийн ногдол ашгийг төмөр замд оруулсан гэдэг. Ард түмэн өмчиндөө эзэн байх Үндсэн хуулийн зарчмыг биелүүлэх ёстой" хэмээн ногдол ашийн асуудлыг шийдэх санал орууллаа.
Үргэлжлүүлэн 2024 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Б.Пүрэвдорж: 2024 оны улсын төсвийн төсөөлөлд энэ жилийн инфляцийг 10 хувиар тооцож, ахмадуудын тэтгэврийг 880 тэрбум төгрөгөөр нэмэх асуудал орж ирж байна. 2022 оных шиг бүгдийг 15 хувиар нэмж болохгүй. Хамгийн бага тэтгэвэртэй хүмүүсийг арай өндөр 15 хувиар хувиар, 1-2 сая төгрөгийн тэтгэврийг 10 хувиар, 2 саяас дээш бол 5 хувиар нэмэх замаар тэтгэврийн зөрүүг арилгах нь маш чухал шүү. Энэ нэмэгдэл яаж шийдэх вэ?
Сангийн сайд Б.Жавхлан: Инфляци, үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг жил бүр нэмнэ гэж хуулинд заасан. Бид ирэх жил инфляцийг нэг оронтой тоо руу оруулахаар зорьсон байгаа. Гэсэн ч 10 хувиар төсөвлөж, УИХ-д өргөн барьсан.
Төсөв батлагдсаны дараа ямар хувиар тооцож нэмэхийг Засгийн газар ярилцаж, шийднэ.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Улсын төсөв яригдаж байгаа үед НӨАТ-ын буцаалтын олголтыг нэмэх асуудал яригдаж байгаа нь ямар учиртай юм бэ. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломж байгаа юу? Өргөн барьсан төсөвт байхгүй, огт яригдаагүй зүйл яагаад өнөөдөр гарч ирэв?
Сангийн сайд Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх асуудал ямар учиртай яригдаж байгааг би мэдэхгүй байна. Засгийн газар 2024 оны төсвийг хугацаандаа өргөн барьсан. Өргөн барьснаас хойш энэ сэдэв гарч ирсэн. Яагаад төсөв өргөн барьсны хойно, ямар тооцоо судалгаатай энэ сэдвийг хөндсөнийг асуумаар байгаа юм. Ямар учиртай ярьж байгааг би хэлж мэдэхгүй байна. Яаманд тооцоо судалгаа ч ирээгүй, удахгүй ирнэ гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Өвлийн түлш 800-900 төгрөгөөр нэмэгдлээ. Инфляцид хамгийн их нөлөөлдөг зүйл нь нефтийн бүтээгдэхүүн болчихоод байна. Хавар, намар маш хүчтэй цохилт өгч байна. Бид нефтийн өөр эх үүсвэр хаймаар байна. Нэг эх үүсвэр нэмэгдэхээр дотоодод үнэ нэмэгддэг байдалтай болчихоод байна.
Манай улс БНХАУ газрын тос нийлүүлдэг. Тэндээс шатахуун авах боломж байна уу.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Дизель түшний үнэ 800-900 төгрөгөөр өсөөгүй шүү. 200 төгрөгөөр өссөн. ОХУ-ын Засгийн газрын тогтоолоос шалтгаалаад сая нэг хэсэг хомстсон, үнэн. Үүнийг далимдуулаад үнэ өсгөсөн. Дизелийн үнэ 11 дүгээр сараас бууна. Сингапур, Санкт-Петрбургийн биржид газрын тосны үнэ буурч байна. Тиймээс 11 дүгээр сараас дизелийн үнэ буурна, хамаагүй нөөцөлж болохгүй шүү.
БНХАУ-аас шатахуун авч байгаа. АИ92, дизель түлш аваад дөрвөн сар болж байна. ОХУ-тай өрсөлдөхүйц хэмжээнд ирэхгүй байгаагийн шалтгаан нь үнэтэй, тээвэрлэлт асуудалтай, дамжин ачдаг.
УИХ-ын дарга Г.Занданшатар: НӨАТ-ын талаар 09 дүгээр сард Сангийн яамнаас тодруулга авсан. Долоо хоногийн өмнө чуулганы үеэр асуусан.
НӨАТ-ын хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй. НӨАТ-ын хуулинд улиралд тутам 20 хүртэлх хувийг буцаан олголтод зарцуулна гэж заасан байгаа. Дээр нь 10 хүртэлх хувийг урамшуулалд олгоно. Үндсэндээ хуулиараа 30 хүртэлх хувийг буцаан олгох бололцоотой байгаа. Энэ жилийн төсөвт төлөвлөснөөр 7.7 хувь байгаа.
2020 онд ДНБ 37 их наяд байсан. 2024 онд 74 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Хоёр дахин өссөн байгаа биз. Диплятор, инфляци, ханшаа тооцоод, үнийн бодит өсөлттэй уялдуулахад иргэдийн төлж байгаа НӨАТ 2.5 дахин өссөн.
2020 онд НӨАТ-ын орлого 2.2 их наяд байсан. Энэ жил 6 их наядаар төсөвлөсөн. ДНБ-ий өсөлт, НӨАТ-ын орлогын өсөлт хоёр шууд хамааралтай байх ёстой. ДНБ бол нэмэгдсэн өртгийн нийлбэр. Гэтэл НӨАТ-ын буцаан олголт 2020 онд 330 тэрбум, энэ жил 490 тэрбум төгрөг. Бүх ААН давхар тайлан, баланстай болсон, тоон дээр харагдахгүй.
ТЕГ-ын хажууд байгаа алт, мөнгөний дэлгүүрүүдээр ороод үзээрэй. Бүгд НӨАТ-гүй байгаа.
Сангийн яам төсвийн орлого бүрдүүлэхээр ийм байр суурь баримтлах нь зүй ёсных. Эдийн засгийн хөгжлийн яам энэ асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
Ногоон автобуснаас болоод иргэдийн татвар төлөх шударга ёсны зарчим эрс унасан.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ өгөх вэ?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн БЭТ Ж.Ганбат: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 81.51 хувийг Эрдэнэс Монгол ХК, 18.43 хувийг 2012 оноос 04 дүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшиж байгаа. Эрдэнэс Тавантолгой ХК 2019 оны ногдол ашгийг 2020 онд нэг иргэнд 96 000 төгрөг олгож байсан. Нийтдээ 180 гаруй тэрбум төгрөг тараасан.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэдийн нодол ашгийн асуудлыг хэлэлцэж, онцгой дэглэм дууссаны дараа авч үзэхээр шийдвэрлэсэн. Компанийн санхүүгийн тайлан гарч, аудит оруулсны дараа ногдол ашгийг тараах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас 2022 оны ногдол ашгийг онцгой дэглэм дууссаны дараа шийдвэрлэхээр болсон.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монгол Улс ХАА дээр тогтсон эдийн засагтай атал мал, махны асуудлыг ерөөсөө ярихгүй юм. 2022 оны эцсийн байдлаар 71 сая малтаы, төлтэйгээ 100-аад сая малтай болчихоод байна. Махны экспортыг дэмжье, махны үнийг нэмэгдүүлье гэж ганц ч хүн ганхийхгүй юм. Орон нутгаас нэр дэвшсэн гишүүд дуугарахгүй юм. Хэнээс айгаад байдаг юм бэ.
Засгийн газраар махны ханшийг албадан бариулчихаад, хөдөөгийн иргэдийг зориудаар ядуу байлгах нь хэнд хэрэгтэй юм бэ. Эдийн засгийг чөлөөлье гэдэг. Эдийн засгийн гол бүтээгдэхүүний үнийг албадан барьдаг.
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөлд махны экспорт, эндээс орох орлогын тухай байхгүй. Нүүрс, алт л ярьдаг. 70 сая малынхаа 30-40 саяыг борлуулж, эргэлтэд оруулж, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлье гэж дуугарахгүй, төсөөлөлд нь ч байхгүй.
2024 онд хэдэн сая малыг эргэлтэд оруулж, хэдэн тонн мах экспортлох вэ? Засгийн газар махны үнийг барьдгаа боль оо. Өвлийн хүйтэн, зуны халуунд өсгөж, адгуулж байгаа малын махны үнийг Засгийн газар барьж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.
Сангийн сайд Б.Жавхлан: Бид өнгөрсөн жил 168 сая ам.долларын мах экспортолсон. Амьдаар нь экспортлох квот нэлээд хязгаартай байсан. Одоо квотгүй болсон, чөлөөтэй.
Махны үнийг асуудлаар таньтай санал нийлж байна. Махны үнийг барих нь сайн зүйл биш. Зах зээлийн жамаар нь орхих ёстой. Эцсийн хэрэглэгчдэд хүргэх, дундын ченжийг үгүй болгох гээд худалдааны логистикийн асуудал байх шиг байна. Бид эхлээд энэ зохион байгуулалтыг хийх ёстой.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ төсвөөр Соёлын яаманд ямар их төсөв тавьсан юм бэ. Сургууль гурван ээлжээр хичээллэж байхад Соёлын төв, кино хийхийг хойшлуулж болдоггүй юм уу.
Боловсролын яам улсын төсөвт хүүхдүүдийг яагаад ялгаварлаад байна вэ. Хувьсах зардлыг хасаж, тэрүүгээр попорч байгаа нь буруу. Үндсэн хуулийн зүйл заалт чинь унаад байна шүү. Нэг ч монгол хүүхэд сайн байг л даа. Бүгдээрээ дөрвөн ууландаа хордох нь буруу. Та нар асуудалд буруу хандаад байна. Та нарыг сольж, АН-ыг гаргаж байж л аятайхан болох юм шиг байна. 2024 онд яахаа монголчууд мэдэж байгаа, маш их мэдрэмжтэй ард түмэн. Гэхдээ та нар бүлэгтэй байх байлгүй дээ.
Ийн гишүүд асуулт аууж, хариултаа авлаа. Санал хураалтаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг 54.9 хувиар хэлэлцэхийг дэмжиж, Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы хуралдаан завсарлалаа.
Б.Хэрлэн