Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Олон Улсын Допингийн Эсрэг Байгууллага буюу WADA-гаас МУ-ыг олимпын наадамд ЦАГААН ТУГТАЙ орох эрсдэл үүссэнийг мэдээлсэн. Энэ хүрээнд яаралтай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өнөөдөр Засгийн газрын хуралдаан өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж, үүрэг чиглэл авлаа.
Монголын допингийн эсрэг байгууллага 2007 онд байгуулагдсан байна. Тус байгууллагад өнгөрсөн онд WADA-гаас нийт 21 зөрчлийг арилгах шаардлагыг ирүүлсэн байдаг. Гэвч заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй учир нь хязгаарлалт хийх алхмыг хэрэгжүүлж эхэлсэн. Харин сая Азийн залуучуудын наадамд Б.Бат-Эрдэнэ сайд оролцох үеэрээ Шанхай хотод болсон WADA-гийн хуралд оролцсон. Энэ үеэр өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлж, гаргасан алдаа дутагдлаа богино хугацаанд засаж залруулахаа илэрхийлсэн. Үр дүнд нь WADA-гаас ирэх оны нэгдүгээр сарын 22 хүртэлх хугацааг өгсөн байна. Энэ хугацаанд чухал, ноцтой гэж үзэж байгаа 5 зөрчлийг арилгах үүрэг өгсөн.
Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ сайд: Шанхай хотод WADA байгууллагын удирдах зөвлөлийн хурлын үеэр холбогдох хүмүүстэй уулзахад "Танай улсын хувьд допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой хууль, эрхзүйн зохицуулалтаа боловсронгуй болгох хэрэгтэй" гэдгийг зөвлөсөн. Энэ дагуу намрын чуулганаар Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулах шаардлага гарч байна. Биеийн тамир спортын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд допингтой холбоотой бүлэг заалт оруулах юм. Энэ заалтыг WADA байгууллагын дүрэмтэй нийцүүлнэ. Энэ удаад зургаан төрлийн зөрчлийг арилгах шаардлага бол WADA-г Монголд төлөөлж буй МОНАДА ТББ-д ирсэн шаардлага.
МОНАДА буюу Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ц.Уугангэрэл: Нийт 6 асуудлын 1 нь бүрэн шийдэгдээд дууссан. Таван асуудлын 3 нь шийдэгдэх шатандаа явж байгаа ба он дуустал үргэлжилнэ. Яг одоогоор WADA-гаас тамирчдын биологийн паспорт буюу цусны шинжилгээг нэхэж эхэлж байгаа. Шинжилгээг БНСУ-ын лабораторитой хамтран авдаг болно. Энэ ажлын урьдчилсан бэлтгэлээ хангасан.
Уншиж байна |