Дэлхийн хүнсний өдөр тохиож байна
2023-10-16

Жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн хүнсний өдрийг НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас “Ус бол Хүнс, Ус бол Амьдрал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй юм. 

 

Энэ хүрээнд өнөөдөр Байгалийн түүхийн музейд Ус бол Хүнс сэдэвт үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад албаныхан оролцлоо.

 

 

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Дэлхийн уур амьсгал сүүлийн бүтэн хагас зуун жилд цельсийн 1,5 хэм орчмоор дулаарсан бол Төв Азийн тэгш өндөрлөгт оршдог, эх газрын эмзэг байгаль экологтой, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, ахуй амьдралын өвөрмөц хэв шинжтэй Монгол оронд энэ үзүүлэлт сүүлийн 80 жилд цельсийн 2.4 хэмээр нэмэгдсэн нь бараг хоёр дахин илүү байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлтийн сэтгэл түгшээсэн энэхүү чиг хандлагыг тогтоон барихын тулд Монгол Улс ур амьсгалын асуудлаарх НҮБ-ын суурь конвенц болох Парисын хэлэлцээр болон Цөлжилтийн эсрэг хэлэлцээрт тусгагдсан үндэсний үүргийг биелүүлэх зорилгоор Уур амьсгалын өөрчлөлт болон Цөлжилттэй тэмцэх Үндэсний хороог байгуулан Үндэсний хөтөлбөрүүдийг батлан амжилттай хэрэгжүүлж байна. Хүний буруутай үйл ажиллагааны улмаас манай орны нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөнөөс 362 гол горхи, нуур булаг шанд хатаж ширгэсэн бөгөөд уур амьсгалын өөрчлөлт цэнгэг усны нөөц, хүрэлцээ, чанарт нөлөөлж байна. Аадар бороо, гэнэтийн үер, ган, зуд ч унд усны хэвийн найдвартай бөгөөд хүрэлцээтэй байдалд нөлөөлж, хүн амын эрүүл ахуй, ариун цэвэр, хүнсний үйлдвэрлэл, цаашилбал эрүүл, аюулгүй орчинд аж төрөх, элбэг хангалуун амьдрахад хүндрэл бэрхшээл учруулж байна. 

Энэхүү амаргүй нөхцөлд тогтвортой хөгжих нэгэн үндэс нь усны эх ундрагийг сэргээн хамгаалахад оршиж байна. Усны ухаалаг агаад хэмнэлттэй хэрэглээ, удирдлагын зөв арга барилыг хэвшүүлсэнээр усны хүрэлцээгүй байдлыг бид хамтын хүч чармайлтаар шийдвэрлэж чадна гэж үзэж байна” хэмээгээд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад гишүүнээр элссэний түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд бидний энэхүү хагас зуун жилийн хамтын хүчин чармайлт томхон үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглээд Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэж итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

Энэхүү ойн өдрийг тохиолдуулан НҮБ-ын ХХААБ “Монгол шуудан” ХК-тай хамтран ойн марк гаргаж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Shuud.mn
Сонин хачин