Д.Тогтохсүрэн: Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй
2023-10-12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

 

 

Хуулийн санаачлагчийн илтгэлийг Э.Бат-Амгалан танилцууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоож, мөн хугацаанд ээлжит сонгууль зохион байгуулагдсан.

 

Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж хуульчилсан нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацааг тодорхой зааж өгсөн.

 

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх, сонгуулийг нээлттэй, хяналттай зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна гэлээ.

 

Тухайлбал, сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигчдээс зарцуулах зардлын хэмжээг бууруулах чиглэлээр сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр түүний тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийг баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллаганы ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах, сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, буруу бүртгэгдсэн тохиолдолд гомдол гаргах хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолж, хяналтын тооллого хийх зэрэг сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын нэмэгдүүлэх чиглэлийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай байгааг төсөл санаачлагч танилцуулсан.

 

Үүний дараа гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Ард иргэд уулзаж байхад энэ хуультай холбоотой маш олон гомдол санал ирж байна. Баянгол дүүрэг найман сар Засаг даргагүй байна. Орон нутгийн өөрөө удирдах ёс алдагдсанаас Засаг даргагүй болсон. Хорооны дарга нар 3-4 удаа солигдсон. Ажил мэддэг хүн болчихсон. Хуулийн дагуу хорооны иргэд нь хуралдаад хороон даргаа сонгодог. Гэтэл одоо иргэдээс биш босоогоор томилж, үүрэг гүйцэтгэгч нэр өгөөд томилдог. Үүрэг гүйцэтгэгч нарт ямар эрх мэдэл байхгүй учраас иргэдийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй. Ажилдаа ирдэггүй. Баянгол дүүргийн бүх хороо адилхан. Орон нутгийн тухай хууль маш болгоомжтой хүрэх хэрэгтэй. Орон нутгийн өөрөө удирдах ёс гэж алга. Бүх салбар босоо тогтолцоотой болж байна. Өнөөдөр өглөө гэхэд л агаарын бохирдолтой холбоотой иргэдийн асуултад хариулт өгөх хүн алга. Эзэн байхгүй. Иргэдэд мэдээлэл өгөх хүн алга.

 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: МУ Ардчилалаасаа ухарчихлаа. Сонгуулийн хуулийг батлах хугацааг хойшлуулна гэдэг ардчилалаас мянган алхам ухарч байгаа юм. Эрх барьж байгаа хэн нэгэн нь цагийг нь тулгаж байгаад өөртөө ашигтайгаар өөрчлөлт оруулах нь. Зургаан сараар сунгахаар барагцаагаар хаврын чуулган эхлэхэд энэ хуулийг батлах нь байна. Хаврын чуулган эхлэхэд сонгуулийн уур амьсгал орчихсон байна. Энэ бол нэг нам өөрөө дахин дахин ялахын тулд өөрт ашигтайгаар хууль өөрчлөх гэж байгаа хэлбэр. Хуулийн хугацааг сунгах замаар хулгай хийх замаар өөрчлөлт оруулж болохгүй. УИХ гэж байдаг бол жаахан замбараатай хууль номоо сахимаар байна. Үгүй бол больсон нь дээр...

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Энэ хуулийг зургаан сараар сунгаж болохгүй. Энэ зөвхөн орон нутгийн сонгууль дээр гарч байгаа зүйл биш. Орон нутгийг санхүүгийн, томилгооны эрх мэдэлгүй болгож байна. Одоо ард иргэдийг сонгох эрх мэдэлгүй болгоно гэдэг Ардчилсан Монгол оронд байж болохгүй үйлдэл. Хөдөөд тархан суурьшиж байгаа ард иргэдийн төрд оролцож байгаа ганцхан боломж сонгууль. Багийн даргаа сонгох, сумын Иргэдийн хурлаасаа сумын Засаг даргаа сонгох, аймгийн иргэдийн төлөөлөгчдөөрөө дамжуулан аймгийн Засаг даргаа сонгодог зарчмыг болиулж байгаа. Ийм учраас хуулиа татаж ав. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөхөөс өөр аргагүй. УИХ-ын сонгуулийн хуулийг батлахдаа хэдэн томоохон өөрчлөлт хийсэн. Тухайлбал, орон нутгийн сонгуульд зардал бууруулах зайлшгүй шаардлагатай байна. Нэг хүйсийн төлөөллийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоогоор явуулахаар болсон. Орон нутгийн сонгуульд холимог байх эсэхийг УИХ дээр ярьж хагалах хэрэгтэй болж байна. Энэ мэт УИХ-ын сонгуулийн хуульд орсон өөрчлөлтийг Орон нутгийн сонгуульд тусгах зайлшгүй шаардлага байна. Энэ үүднээс он гарахаас өмнө орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах шаардлагатай. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин