Сүүлийн үед төрийн бага, дунд, дээд шатанд албан тушаалд томилогдож байгаа хүн бүрийн намтарт Удирдлагын академи төгссөн гэх үг ёс юм шиг бичигддэг болсон. Нэг үгээр төрийн алба тэр дундаа удирдах албан тушаал хашиж байгаа бол энэ сургуулийг төгсөх ёстой гэсэн хууль үйлчилдэг.
Энэ талаар Төрийн албаны тухай хуульд тусгайлан заалт болгон оруулж өгчээ. Мөн иргэнийг төрийн албан тушаалд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтад хамруулах ба уг сургалтыг Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна гэж заасан байдаг. Удирдлагын академийн хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх төрийн албаны удирдах ажилтныг сургаж чадавхжуулах, удирдахуйн ухааныг хөгжүүлэх үүрэг хүлээж үйл ажиллагаа явуулдаг. Нэг үгээр төр төрийн албан хаагчдад мэргэшүүлж чадавхуулаар тусгайлан санхүүжүүлдэг академитай.
Тодруулан хэлбэл, Удирдлагын академи нь сар бүр ЗГХЭГ-аас санхүүжилтээ авдаг байна. Хамгийн сүүлд өнгөрсөн сард буюу 2023 оны 9 дүгээр сард Удирдлагын акамеди руу ЗГХЭГ-аас ТЭРБУМ гаруй төгрөгийг "Засгийн газрын захиалгат сургалт, судалгаа , төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх хөтөлбөрийн санхүүжилт" утгатайгаар шилжүүлсэн байна. Гэхдээ энэхүү шилжүүлэг Удирдлагын академийн орлого хэсэгт одоогоор бүртгэгдээгүй байна.
Үүнээс өмнө энэ оны нэгдүгээр сараас сараас эхлэн сар бүр 268 сая төгрөг нийт 2.1 тэрбум төгрөг, дээрээс нь Удирдлагын академийн кампус, өргөтгөлийн барилгын БУА-ын явцын санхүүжилт нэрээр хоёр удааг 800 гаруй сая төгрөгийг буюу нийт 1.6 тэрбум төгрөгийг ЗГХЭГ-аас Удирдлагын акамеди руу шилжүүлжээ. Мөн ЗГ-ын 2022 оны 438-р тогтоолын санхүүжил болох 432 сая төгрөгийг мөн л Удирдлагын академийн данс руу шилжүүлсэн байна.
Ийнхүү он гарснаас хойш төсвийн 5.2 тэрбум төгрөгийг Д.Сүрэнчимэг захиралтай Удирдлагын академийн бага хамт олон захиран зарцуулжээ. Тэдний зарлагын гүйлгээнээс анхаарал татах гүйлгээг ч хэд хэд байна. Тухайлбал, тус академи Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийхээр 19 сая төгрөгөөр гадагшаа ниссэн байна. Хичнээн хүн, хаана ямар дадлага хийсэн нь тодорхой бус. Мөн гуравдугаар сард Судалгааны ажлын хөлс I шат гэсэн зургаан төрлийн 6-9 сая төгрөг, Сургалтын цайны завсарлага, хоолны зардал утгатайгаар Нью очир фүүдс ХХК руу хэд хэдэн удаагийн гүйлгээ хийсэн байна.
Тус академи нь өнгөрсөн тавдугаар сард хамгийн их буюу 60 гаруй төрлийн зарлагын гүйлгээ хийжээ.