АНУ-ын Конгресийн номын сангийн номын санч, Монгол номын мэргэжилтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ Монголын дөрвөн хөгжмийн зохиолчийн намтрын каталогийг дэлхийн номын сангийн хөмрөгт дансалжээ.
Конгрессын номын сан нь зөвхөн АНУ-ын хэмжээнд төдийгүй дэлхийн ном эрдэм, соёл түүхийг хадгалах бүртгэх гол байгууллага бөгөөд зохиолч, уран бүтээлч нарын нэрийн баталгаажуулсан бүртгэлийг үйлдэж, уран зохиолч, хөгжмийн зохиолч нарт бусдаас ялгарах тодорхой дугаар олгодог аж.
Энэ удаагийн намтрын катологийг хийх ажлын хүрээнд урлаг судлалын ухааны доктор профессор, угсаатны хөгжим судлаач Жанугда овогт Жамбалын Энэбишийн бичсэн “Лувсанжамбын Мөрдорж”, “Сэмбийн Гончигсумлаа”, “Билэгийн Дамдинсүрэн”, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын өөрийнх нь бичсэн “Миний л харгуй” зэрэг бүтээлийн дагуу дансалжээ.
Л.Мөрдоржийн ном Mȯrdorzh, L. ‡q (Luvsanzhambyn), ‡d 1919-1996 галиг, нэрийн бүртгэл нь ML410.M7768 дугаартай болсон бөгөөд M – Music, L – Literature буюу Хөгжмийн утга зохиол, 410 нь хөгжмийн зохиолчийн намтар гэсэн утгыг илэрхийлж байгаа аж. Харин Билигийн Дамдинсүрэнгийн ном Damdinsu̇rėn, B. ‡q (Biligiĭn), ‡d 1919-1992, галиг, нэрийн бүртгэл нь ML410.D146 дугаартай, Сэмбийн Гончигсумлаагийн ном ML410.G6395 дугаартай, Н.Жанцанноровын ном Конгрессын Номын Сангийн кирилл галигийн дүрмээр Ж нь J биш, харин Zh (Zhant︠s︡annorov, Nat︠s︡agiĭn, ‡c Bor-Borzhigin ovogt, ‡d 1948-) учраас Zet үсгийн дугаараар жагсаж, ML410.Z508 дугаартай болжээ. Конгресийн номын сангийн бүртгэл нь долоо хоног бүрийн баасан гарагт дэлхийн судалгааны бүх номын санд түгдэг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |