УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “Маргаашийн мэдээллийн цагаар хүүхдийн эрхийн асуудлыг ярих зайлшгүй шаардлага гарч байна. Сүүлийн үед хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал онцгой анхаарал татаж байна. Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо. Хүүхэд авто замын ослын хохирогч болж, амь насаа алдаж байна. Бусдад дээрэмдүүлж, гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. гэр орондоо угаартаж байна. Хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах, бүр хүүхдийн наймаа, худалдааны ноцтой хэргүүд ч мэдээлэгдэж байна.
20 гаруй хүний наймааны хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй 8 хүүхэд хохирогч болсон гэж байна. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна. Энэ бол эмгэнэлтэй үйл явдлууд болж байна.
Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жилийн хугацаанд эрэн сурвалжлагдаж байгаа, сураггүй байгаа 20 шахам хүүхэд байна. Монгол даяар эмгэнэл, айдас түгшүүр төрүүлж байгаа гэмт үйлдлүүдийг томчууд, ялангуяа төр засгийн байгууллагууд анхаарах ёстой. Хүүхэд гэмт хэргийн золиос болох ёсгүй.
Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдийн эрсдэлт орчныг тодорхойлж, сургууль, гэр бүлийн орчинд эцэг эхээс эхлээд төр, боловсролын байгууллагуудын үүрэг чиглэлийг тодорхой заасан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.
Нийслэл, аймаг, дүүрэг, сургуулийн орчны камержуулалтад улсын төсвийн өчнөөн хөрөнгө зарлагддаг энэ ажлууд яагаад хийгдэхгүй байна вэ? Монгол хүүхэд гэмт хэргийн золиос болж болохгүй.
Монгол Улс хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцид 1990 онд элсэж, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль баталсан. Монгол хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг дэлхий дахины өмнө болон Монгол Улсын иргэдийн өмнө хүлээсэн байгууллагууд тодорхой заагдсан байгаа. Холбогдох байгууллагууд энэ үүргээ маш муу хэрэгжүүлж байна. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдэхгүй байна.
Амьд явах, хамгаалуулах, оролцох зэрэг хүүхдийн үндсэн эрх зөрчигддөг маш олон баримт байна. Тиймээс энэ асуудалд УИХ-ын гишүүд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Хүүхдийг төрснөөс нь эхлээд өөрөө хариуцлага хүлээх чадвар болох хүртэл нь бид хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийг УИХ-аас эхлээд Засгийн газар, хүүхэд гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, яам, тамгын газрууд, орон нутгийн захиргааны байгууллагууд, ААНБ, иргэд, гэр бүл бүрийн эрхэм үүрэг.
Хүүхэд гэр бүл, нийгмийн бүхий л орчинд хамгаалагдсан орчин бүрдүүлэх нь нэн тулгамдсан асуудал боллоо.
Хүүхдэдээ ээлгүй улс үндэстний ирээдүй бүрхэг болно. Хүүхэд бол улс орны ирээдүй, маргааш юм. Манай нийгмийн ёсзүй, мораль хүүхдэд ээлгүй байна. Хүүхдэд эрсдэлтэй орчин болсон байна. Зөвхөн өөрийн бус бусдын хүүхдийг ч хайрлан энэрэх монгол ёс, уламжлал алдагдсан байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёсзүйг эрүүлжүүлэх нь маш чухал байна. Үүний тулд хүүхдийн эрхийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхэд хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүд, ялангуяа эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Энэ чиглэлд нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ дахь хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд онцгой анхаарал хандуулж, ойрын үед шийдвэртэй арга хэмжээ авахыг үүрэг болгож байна.
Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хэрэгтэй байна. Ямар нэг өршөөл, уучлалд хамруулдаггүй байх хэрэгтэй байна. Ийм эрхзүйн шинэчлэлийг хийж болно.
Нийгмийг айдаст автуулаад байгаа гаж донтон, хүүхдийн эрхийг зөрчигчидтэй хатуу хариуцлага тооцдог болох хэрэгтэй байна.
УИХ хууль бүхэнд хүний эрхийн амин сүнс болгоно гэж тунхагласан. Хүний эрх хүүхдээс эхэлнэ. Хүүхэд ямагт нэгдүгээрт байх ёстой" хэмээн хэлж, холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг үүрэгдэв.
Түүний араас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрбээр "Бугшсан хулгайг үзэн ядсан хүмүүс дүүрэн байна шүү. Дээр хулгай хийж байгаа юм чинь бид яасан ч яадаг юм гэж дунд, доод түвшинд авлигын системийг Монголд хөгжүүлж байна. Сумын сургуулийн захирал үйлчлэгч ажилд авахдаа юм өг гэдэг. Нөгөөхөд нь өгөх юмгүй бол “Чиний таван сарын цалинг чинь авна. Зургаа дахь сараасаа чи цалингаа авна шүү” гээд авлига авч, ажилд оруулж байна. Монгол Улс авлигад бүрэн өвчигдсөн орон болж хувирлаа.
Төрийн өндөрлөгт эрх барьж байгаа та бүхний увайгүй үйлдлээс болоод Монгол даяар ийм замбараагүй, ялзарсан нийгэм бий болж байгаад иргэд маш их бухимдаж байна" гэсэн байр суурийг илэрхийллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: ҮХЦ цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар сонсгол явуулах нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан байна.
ҮХЦ гэдэг байгууллага УИХ-ын хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс их оролцож байна. Цэцийн хуулинд өөрчлөлт хийвэл яасан юм бэ. Цэцийн асуудлын авч үзвэл яасан юм бэ. 1992 оны 05 сард гарч, 30-аад жил болсон хууль.
Цэцийн 9 гишүүнд мэргэжлийн бус хүмүүс лоббигоор томилогддог. Үүнийгээ хамгаалж, хяналтын сонсголоос зугтаж байна.
УИХ томилгооны сонсголуудыг маш сайн хийх ёстой. Одоо олигтой хийж чадахгүй байна. Бас л лоббигоор танил талаараа томилж байна.
ҮХЦ-д сайн хуульч, сайн эдийн засагч нар байх ёстой. Гэтэл эдийн засгийн асуудал гарахаар мэргэжлийн бус хүмүүст өгчихдөг, хуулийн асуудал ярихаар бас мэргэжлийн бус хүмүүст өгдөг. Хуваарилалт нь шог юм хийдэг.
Байнгын хороод тавдугаар дүгнэлтийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн байна. Би санал нэгтэй байна. Хүлээж авч болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: ҮХЦ-ийн 05 дугаар дүгнэлтийг хүлээж авч болохгүй гэсэн хатуу байр суурьтай байна. ҮХЦ үнэхээр даварсан байгууллага боллоо. ҮХЦ-ийн дарга нь өөрөө эрхзүйн чадамжгүй хүн. Төрийн албан үйл ажиллагаа эрхлэх насны дээд хязгаар нь хүрчихээд хоёр жил болж байна.
Эрх баригчдын захиалгаар шийдвэр гаргадаг байгууллага болсон. ҮХЦ-д ямар хүн нэр дэвшиж байгааг олон нийтийн өмнөх ярилцах л асуудал. Ерөнхийлөгчийн субектэд нөлөөлөх асуудал огт байхгүй. ҮХЦ энэ дүгнэлтээрээ дуртай үедээ улстөрчид, эрх баригчдын гар хөл болдгоо дахин баталж байна.
ҮХЦ хийх ёстой ажлаа хийдэггүй. Энэ олон жил болж байхад ҮХЦ хүний эрхийн талаар ярьж байв уу? Дандаа ардчиллын боомилж, улстөрчдийн гар хөл болж байсан.
Төрийн инстутици хоорондын харилцааг алдагдуулж, сонгуулийн тогтолцоонд нөлөөдөг, аль намыг ялуулж, ямар системээр явахыг шийддэг. УИХ-ын гишүүдэд хэрэг үүсгэж, цэц дээр дуудаж, нухчин дарахыг хүсдэг.
ҮХЦ-ийн 9 хүний ихэнх нь ард түмний дунд нэр хүндгүй, хууль биелүүлдэггүй. Эрх баригчидтай нийлж, ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулдаг. ҮХЦ-ийг татан буулгачихвал яасан юм бэ. Ард түмний эрхийг хамгаалсан шийдвэр гаргасныг харсан уу? ҮХЦ-ийн хуулийг ярилцаж, зарим эрхийг нь дээд шүүх рүү өгөх хэрэгтэй. Ард түмнээс сонгогдоогүй, хэсэг бүлгээс хуйвалдаж сонгогддог 9-хөн хүн Монголын төрийг базаж байна.
Ийн гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулж, гишүүдийн олонх нь ҮХЦ-ийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |