Сонгуулийн салхи сэвэлзэж, МАН баячуудаа тордоод эхэллээ гэх яриа оргүй биш бололтой. МАН-ын толгой баячуудын нэг Б.Дэлгэрсайхан сайдын суудалд тухлахаар болчихов.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Б.Дэлгэрсайханаар хариуцуулахаар болов. Түүний хувьд хэдхэн жилийн өмнө дуулиан шуугиан болж байсан оффшор бүсэд нэр холбогдогчийн нэг. Тодруулан хэлбэл, УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийн дэлгэсэн Панамын хуулийн фирмийн баримтад Б.Дэлгэрсайханыг "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр оффшор бүртгэлтэй болохыг зарласан байдаг. Тэрбээр 2005, 2008 онд оффшор данс нээлгэж бүртгүүлсэн тухай хар дээр цагаанаар бичжээ. Товчхондоо Б.Дэлгэрсайхан гишүүн бол татвараас чөлөөлдөг, татварын хөнгөлөлт үзүүлдэг, нууц нэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг орон зайд бүртгэлтэй нэгэн.
Тэгвэл одоо түүнтэй холбоотой энэ мэдээллүүд мартагдаж, тэр сайдын суудалд тухлахаар боллоо. Ийнхүү сайдын суудалд тухлахаар болсон Б.Дэлгэрсайхан гишүүний хөрөнгө орлогоо хэрхэн мэдүүлсэн талаарх мэдээллийг хүргэе.
Тэрбээр 2016 онд гишүүн болохдоо л гишүүдээс хөрөнгө орлогоороо толгой цохиж байв. 2016, 2017 онд түүний хөрөнгө жилийн 10 гаруй тэрбум төгрөгөөр хэмжигдэж байв. Харин 2018 онд жилийн 2 тэрбум 827 сая төгрөгийн орлого олсон байдаг. Ийнхүү эрхэм гишүүний орлого гэнэт л тав дахин буурч эхлэв. Ер нь Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд парламентад сууснаасаа хойш өөрийн нэр дээрх компаниудаа цөөлсөөр ирсэн. Гишүүн болохдоо нийт 12 компанийн 25-аас дээш хувийг эзэмшдэг гэдгээ мэдүүлж байв. Харин одоо Б.Дэлгэрсайхан гишүүн Монтай Эрдэнэ ХХК гэх ганцхан компанитай.
Мөн тэрбээр жилийн ГУРВАН тэрбум 370 сая төгрөгийн орлоготой нэгэн болжээ. УИХ-ын гишүүний суудал түүнд ийнхүү их хэмжээний хөрөнгөөсөө "татгалзахад" хүргэсэн байх юм. Түүний хувьд хамгийн сүүлд буюу 2022 оны нэгдүгээр сард ХОМ-тээ ДӨРВӨН тэрбум 832 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр орон сууцтай хэмээн мэдүүлсэн байна. Ийнхүү гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэг дэх тоонуудаа тогтмол бууруулж байгаа Б.Дэлгэрсайхан гишүүн ирэх жилээс сайд асан Ц.Нямдоржийн нэгэн адил орох оронгүй, оочих аягагүй болох вий...
П.ГОО